Гэр хороолол дунд байрлах хүнсний дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнээ бэлэн мөнгөөр бус зээлээр иргэдэд өгч борлуулах болжээ. Харин зээл авсан иргэд хүүхдийн мөнгө болон улсаас олгодог бусад төрлийн халамжийн мөнгө буухаар зээлээ төлдөг байна. Гэвч зарим иргэдийн хувьд зээлээ төлөхгүй удаах тохиолдол элбэг гардаг аж. Бараг л дэлгүүр бүр өрийн дэвтэр гэх зузаан дэвтэртэй болжээ. Өрийн дэвтэр зузаарч, иргэдийн халаас хоосорсоор...
Энэ нь иргэдийн амьдрал хэрхэн доройтсоныг харуулж байна. Тиймээс манай сурвалжлах баг БЗД-ийн гэр хороолол дунд байрлах хоёр дэлгүүрээр орж, худалдагч нартай нь ярилцаж дараах сурвалжилгыг бэлтгэсэн юм.
Худалдагч: Миний хувьд жижиг түцээ нээгээд сар болох гэж байна. Иргэд дандаа зээлээр бараа авч байна. Зарим иргэдийн хувьд зээлээр авчхаад өрөө буцааж өгөхгүй алга болчихдог. Хүүхдийн мөнгө, иргэний үнэмлэхээ барьцаалаад зээл авдаг. Мөн дан жижиглэнгээр амьдарч байгаа. Манайх анх нээхдээ л хонины цул мах аваад ороогоод, граммаар зарж байгаа. Тэрийг авч чадахгүй байна.
Иргэд хонины зүрх, бөөр, элэг л авч байна. 5 талх авахад л 2 хонож байж зарагдаж байна.
Худалдан авалт маш муу байгаа. Ард иргэдийн амьдрал ч хүнд байна. Дэнжийн мянга дээр цувдайг ангилчихсан байдаг. Тэрийг л хүмүүс их авч байна. Тэр нь ч хямд тусаж байна.
Сая шинэ жилээр би 21 ширхэг бэлэг боосон. Гэхдээ ганцхан бэлэг л зарсан.
Хамгийн үнэтэй нь 15 мянган төгрөгийн бэлэг байсан. Гэтэл 5 мянган төгрөгийн ганц бэлэг л зарагдсан. Иргэд хэрчсэн гурил, гоймон, хагас кг будаа, элсэн чихэр зээлээч гэж л амьдагч байна. Тог цахилгааны мөнгө маш өндөр гарч байна. Манай энэ хавийн айлуудын тог цахилгааны мөнгө дандаа 400-500 мянган төгрөгийн хооронд гарч байна. Би 3х4-ийн харьцаатай жижигхэн түцээ жижиг тениэр халаадаг. Тэгэхэд л 500 мянган төгрөг гарч байна. Гэртээ байгаа бүх цахилгаан хэрэгслээ унтраачихсан байгаа. Татвар маш их нэмэгдэж байна. Бид нар ул байтугай улны уланд амьдарч байна. Сайжруулсан түлшний үнснээс дор харагдаж байна. Үнс салхинд хийсээд явчихна. Бид амьдрахын төлөө явж байгаа учраас салхинд хийсэж чадахгүй байна.
Шөнөдөө угаартаад үхчих юм болов уу гэж айгаад өдөрт нь гал түлж, шөнөдөө гал түлэхгүй хонодог.
Худалдагч: Иргэдийн амьдрал маш муу байгаа. Өрийн дэвтэр дээр хөгийн хөгийн юм бичигдсэн байдаг. Иргэдийн худалдан авах чадвар маш их муудсан. Зээлж аваад өрөө өгөхгүй байгаа олон иргэн байдаг. Зарим иргэд өдөрт 2 төмс, 1 лууван, 1 жижиг сонгино зээлж авдаг.
Арай л талхыг хуваахгүй байна. Үнэтэй байна гээд л гараад явдаг.
1 кг гурил аваад л гурилаараа хэдэн өдөр гамбир хайрч иддэг. Иргэдийн амьдрал ийм л байна.
Шууд дамжуулалт: