Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.01.04 17:38
4020
Юн Сок Ёлыг яагаад баривчилж чадахгүй байна вэ?


Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёлд шүүхийн шийдвэрийг танилцуулж баривчлахаар 100 гаруй цагдаагийн ажилтан баасан гаригт албан өргөөнд нь очсон ч гадаа нь зургаан цаг байсны эцэст зорилгодоо хүрч чадсангүй. Ерөнхийлөгчийн аюулгүй алба болон дэмжигчидтэй бяцхан мөргөлдөөн болж амжив. Юн Сок Ёл онц байдал зарлах гэж оролдон улс төрийг самарч хаяснаас хойш нэг сар өнгөрч байна. Тэрээр онц байдал зарласан ч хэдхэн цагийн дараа бүтэлгүйтэж, парламент түүнийг огцруулж, хариуцлагад татахын төлөө санал өгсөн юм. 
Дараа нь түүнийг гэмт хэрэгт татаж, байцаалт авахаар гурван ч удаа дуудсан ч ирсэнгүй. Эцэст нь баривчлах шийдвэр гаргасан. 
Юн Сок Ёл хүчтэй дэмжлэгтэй хэвээр, хэдэн мянган хүн албан өргөөнийх нь гадаад цугларч баривчлах үйл явцад саад болж байна. Юн Сок Ёл бүрэн эрхээ хураалгаж, албан тушаалаасаа түдгэлзэж, дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа ялагдсан лидер болсон. Цагдаа нар түүнийг баривчлахад юу саад болж байна вэ? Яагаад баривчилж чадахгүй байна вэ?

Хэдийгээр Юн Сок Ёл эрх мэдэгүй болсон ч аюулгүй байдлын ажилтнуудаа дэргэдээ байлгах эрхтэй хэвээр байгаа аж. Баасан гаригт түүнийг баривчлахаар ирэх үед аюулгүй байдлын ажилтнууд нь хана хэрэм мэт зогсож дотогш нэвтрүүлээгүй. Юн Сок Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тул Ерөнхийлөгчийн аюулгүй алба Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мокийн заавраар ажиллах ёстой хэмээн Сөүлийн Ханкүк их сургуулийн профессор Мэйсон Ричи үзэж байна. Чой аюулгүй албаны ажилтнуудыг өргөөг орхин явах тушаал өгсөн ч тэд тушаалыг биелүүлэхээс татгалзсан байж магадгүй. Ямар ч  байсан тэд Юн Сок Ёлд үнэнч байдлаа харуулан хамгаалж байгаа аж. Төрийн тэргүүний аюулгүй албаны дарга Парк Ион Жоныг Ерөнхийлөгч өөрөө есдүгээр сард томилж байсан аж. “Юн Сок Ёл иймэрхүү өрнөл, баривчилгаанаас сэргийлэхийн тулд өөртөө үнэнч хүмүүсийг аюулгүй албандаа авсан байх магадлалтай” хэмээн Солонгос судлаач Жумин Ли ярилаа. Асуудлыг шийдэх энгийн арга байгаа, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок аюулгүй албаны ажилтнуудыг Ерөнхийлөгчийн албан өргөөг түр орхих тушаал өгөх хэрэгтэй хэмээн Жумин үзэж байна. Чой ийм тушаал гаргахгүй гэвэл парламент шийдвэр гаргаж түүнийг огцруулж болох аж. Юн Сок Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа Ерөнхий сайд Хан Дак Сог үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Гэвч түүнийг зөв шийдвэр гаргагүй байна хэмээн огцруулж Сангийн сайдаар ажиллаж байсан Чой Сан Мокийг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм.
Юн Сок Ёл дээд шүүхийн шийдвэрийг хүлээх зуураа эрх баригчдын ямар нэг заавар, шийдвэрийг дагахгүй гүрийсээр байна. Түүнийг дэмжигчид албан өргөөнийх нь гадаа майхан барьж буужээ. Цагдаа нар хүчээ нэмэгдүүлэн эргэн ирж хүч хэрэглэн баривчилж болох нь энэ нь аюултай үр дагаварт хүргэж магадгүй хэмээн болгоомжлох хүмүүс их байна. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн аюулгүй албаны ажилтнууд сайтар зэвсэглэсэн байдаг тул Юн Сок Ёлыг хүч хэрэглэн баривчлах асуудал одоогоор яригдахгүй байгаа аж. Түүнийг баривчлах тогтоолын хугацаа нэгдүгээр сарын 6-нд дуусна. Өмнөд Солонгосын цагдаа, мөрдөгчид дараагийн алхам, шийдлээ ярилцаж байна.