Дэлхийн хамгийн өндөр настан хэмээн Гиннесийн номд бүртгэгдсэн япон эмэгтэй Томико Итоока 116 насандаа бурхан боллоо. Тэрээр Ашияа хотын асрамжийн газар сүүлчийн өдрүүдээ өнгөрөөжээ. Испанийн иргэн Мария Браньяс 2024 оны наймдугаар сард 117 насандаа өөд болсны дараа Итоока дэлхийн хамгийн өндөр настан болон үлдэж байв. “Хатагтай Итоока эр зориг, итгэл найдвар гэж юу байдгийг амьдралаараа харуулсан. Түүнд талархахгүй байхын аргагүй” хэмээн Ашияа хотын дарга Риосүке Такашима ярилаа.
Дэлхийн хоёр дайны нүүрийг үзсэн Томико Итоока залуудаа волейболоор хичээллэж, ууланд авирах хоббитой байжээ. Нас өндөр болсон хойноо гадил жимс, калпис хэмээх Японд алдартай сүүн ундаа их хэрэглэдэг байсан аж. Тэрээр 20 насандаа гэрлэж хоёр хүү, хоёр охин төрүүлжээ. Дэлхийн II дайны үед нөхрийнхөө оёдлын үйлдвэрийг удирдан ажиллуулж байв. Нөхөр нь 1979 онд нас барснаас хойш ганцаараа хорвоог туулсан юм. Одоо нэг хүү, нэг охин, таван ач, гуч нь байдаг.
2024 оны есдүгээр сарын байдлаар, Японд 100-гаас дээш настай 95.000 гаруй хүн байгаагаас 88 хувь нь эмэгтэй. 124 сая хүн амын гуравны нэг нь 65-аас дээш настай хүмүүс байна. Итоокагаас 16 хоногийн дараа мэндэлсэн Бразилийн иргэн Канабарро Лукас дэлхийн хамгийн өндөр настан болжээ.