Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.06 12:10
2055
Төрийн ордноос явсан ч татвар төлөгчдийн мөнгөөр 126 гишүүн цалинжина

УИХ-ын гишүүн зөөлөн суудлаасаа буусны дараа ч бүрэн эрхтэй байсаар байх уу?

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард олон нийтийн анхаарал сонгуулийн шоу руу чиглэсэн байх үед сэмхэн өргөн барьж, баталсан хуулийн зохицуулалт шүүмжлэл дагуулаад буй.

Уг хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тэргүүтэй гишүүд өргөн барьж, УИХ-ын дарга Г.Занданшатар баталсан байдаг.

Тус хуулийн 41 дүгээр зүйлд: Гишүүний бүрэн эрхийн баталгаа

“41.9.Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшийн хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” гэж заажээ.

УИХ-ын гишүүний сарын цалин 3 сая 900 мянган төгрөг бөгөөд нэг жилийн хугацаанд 46 сая төгрөгийн тэтгэмж авна гэсэн үг.

Ард иргэдийнхээ дуу хоолой болж, тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө хуулийн төслөө өргөн барих ёстой гишүүд ажлаа хэр сайн хийж байгаа вэ? Дөрвөн жилийн хугацаанд үр дүнтэй ажилласан эсэхээс үл хамааран 126 гишүүний тэтгэмжийг бүтэн нэг жилийн хугацаанд иргэдийн төлсөн татварын мөнгөөр төлөх нь зөв үү?