Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.01.08 17:07
1250
Эрчим хүчний салбарыг элгээр нь мөлхүүлсэн буруутан хэн байв?

Өнгөрсөн оны 11-р сарын 25-ны өдрөөс эрчим хүчний үнэ тарифыг шинэчлэн тогтоогоод байгаа. Тиймээс тус асуудлын талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад, Иргэд, хэрэглэгчдэд очих үнийн дарамтыг хамгийн бага байх тооцооллыг гаргасан. Үүний тулд шаталсан тарифыг нэвтрүүлсэн гэлээ.

Тодруулбал, айл, өрх, хэрэглэгчдийн эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 135 төгрөгөөс 175 төгрөг болгожээ. Харин өмнө айл өрхүүдийн дундаж тариф 140 төгрөг байсан юм. Мөн 151-300кВт.ц хүртэл хэрэглээг 256 төгрөг болгосон бол 301 кВт.ц-аас дээш хэрэглээг үйлдвэрийн өртөгт нь хүргэсэн буюу 285 төгрөг болгосон.

Ингэснээр хэрэглэгчдэд очих үнийн дарамт хамгийн бага байна гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлээд байна.

Өмнө нь цахилгаан хэрэглээний ахуйн дундаж үнэ 140 төгрөг байсан бол үйлдвэрлэлийн өртөг 280 төгрөг байсан. 

Тариф өөрчлөгдөхгүй удаан хугацаанд байснаар эрчим хүчний салбарт алдагдал ихээр хуримтлагджээ. Цахилгаан станцууд урсгал засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлээ хийж чадахгүйд хүрсэн.

Өөрөөр хэлбэл, Шугам сүлжээний 19 хувь, тоног төхөөрөмжийн 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна.

Тиймээс үнийн шинэчлэлт өөрчлөлтийг хийснээр эхний ээлжид эрчим хүчний салбар алдагдалгүй ажиллах боломжтой болно. Харин үүний дараа тоног төхөөрөмжийн шинэчлэлт, шугам сүлжээний шинэчлэлт, урсгал засвар гэх мэт дараа дараагийн ажлууд хийгдэх хүлээлттэй байгаа. Харин бодит байдал дээр тог цахилгааны мөнгө нэмэгдсэн нь иргэдэд үнийн дарамт багатай байж чадаж байгаа юу гэх асуулт гарч ирж байна.

Тиймээс тус асуудлын талаар иргэдээс тодрууллаа. 

Иргэн: Манайх тог цахилгааны үнэ нэмэгдсэнээр 50 мянган төгрөг гардаг болсон. Өмнө нь 30-40 мянган төгрөг гардаг байсан. Цахилгааны төлбөрийг буцаагаад багасгавал зүгээр байна.

Иргэн: Тог цахилгааны мөнгө маш өндөр гарч байна. Цахилгаан тоолуур тавьсан гэсэн, манай энэ хавийн айлуудын цахилгааны мөнгө дандаа 400-500 мянган төгрөгийн хооронд гарч байна. Би 3х4-ийн харьцаатай жижиг түц-ийг ганцхан тениэр халаадаг. Тэгэхэд л 500 мянган төгрөг гарч байна.

Үүнээс дүгнэхэд ашиглалтын хугацаа дууссан цахилгаан станцаа энэ хэвээр нь “гүрийлгэх”  яав ч сайн зүйл биш. Гэхдээ нөгөө талдаа тог цахилгааны мөнгө байтугай хоногийн хоолны мөнгөө “яая даа” гэсэн өрхүүдэд дээрх  дарамт болж байна. Гэвч реформ хийнэ, үнэ нэмнэ гэхээс, өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн буруутан нь чухам хэн байв гэдгийг хэн ч ярихгүй байгаа нь бүр ч эмгэнэлтэй.

Тог цахилгааны үнэ нэмсэн ч хамтарсан Засгийн газар эрчим хүчний реформоо хийж чадахгүйд хүрвэл “лаа, шүдэнз” хэрэглэдэг үе руугаа буцахыг Эрчим хүчний зөвлөх инженер Г.Ёндонгомбо анхааруулж байсан удаатай. 

Эрчим хүчний салбарыг элгээр нь мөлхүүлсэн буруутан хэн байв?

Бичлэг үзэх: