Монгол Улсад багшийн хомсдолын асуудал мөнхийн сэдэв байдаг. Тэр дундаа цэцэрлэгийн туслах багшийн асуудал. Учир нь цэцэрлэгийн туслах багшийн цалин бага бөгөөд илүү цагийн нэмэгдэлгүй, мөн ачаалал ихтэй.
Уг асуудлаар Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “Багш нарын хүрэлцээ нэмэгдсэн. Цалингийн хувьд 2024 оны дөрөвдүгээр сард төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн. Сургалтын хөтөлбөр боловсруулдаг учраас үндсэн багшид илүү цагийн нэмэгдэл олгодог” гэв.
Энэ онд улсын хэмжээнд 1410 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 1010, хувийн 400 цэцэрлэг байна. Улсын хэмжээнд нийт 8743 үндсэн багш, 9945 туслах багш ажиллаж байна. Үүнээс Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй 659 цэцэрлэгт 4280 үндсэн багш, 4563 туслах багш ажиллаж байгаа юм.
Цэцэрлэгийн багшийн орон тоог нэмэгдүүлэхээр боловсон хүчин бэлддэг ч ажлын ачаалал их, цалин бага учир шантарчихдаг гэж багш нар ярьж байлаа.
Цэцэрлэгийн үндсэн багшийн цалин 1,559,000 төгрөг, туслах багшийн цалин 1,258,000 төгрөг болж нэмэгдсэн ч нийгмийн даатгал, шимтгэлээ хасаад гар дээр авах дүн нь хаанаа ч хүрдэггүй байна.
Түмний олон хүүхдийг сургаж байгаа багш нарынхаа хөдөлмөрийг үнэлж, үндсэн туслах гэж ялгалгүй илүү цагийн нэмэгдлийг нь олгоод эхэлбэл ядаж л урагш алхах урам болох байх даа!