Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.21 14:36
1136
Гацаанд орсон газрын тосны үйлдвэрт хулгай нүүрлэсэн үү !!!

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь манай улсын стратегийн гол зорилтын нэг зайлшгүй мөн. Гэвч хугацаа алдаж, олон жилээр сунжирч байгаа нь улс төрийн шалтгаантай гэж үзэхээр өөр аргагүйд хүргэж байна. 

Төрийн бүтээн байгуулалт урагшилдаггүй ухарсаар байгаа хэдий ч нэмж гаднаас зээл авдаг шалтгаан нөхцөл юу вэ? 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад Энэтхэгийн “Экзим” банкнаас 1,7 тэрбум ам.долларын зээл авна. Гэрээний аливаа учирч болох эрсдэл тус улсын хуулиар зохицуулагдана. Арбитрын шүүхийн хэмжээнд хүрвэл мөн л тус улсын Дели хотод байрлах Арбитраар шийднэ. Ёстой л мөнгөний өмнө бууж өгнө гэдэг шиг....

Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр технологийн хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2019 оноос эхлүүлсэн.

Тус бүтээн байгуулалтыг 1.2 тэрбум ам.долларын зээлээр гүйцэтгэнэ гэж тооцоолж байв. Энэхүү бүтээн байгуулалтыг инженеринг, худалдан авалт, барьж байгуулах буюу EPC 01, EPC 02, EPC 03, EPC 04 гэсэн багцад ажлуудаа хуваасан.

Одоогийн байдлаар EPC 01 багцын ажил дуусаж, Улсын комисс хүлээж авах шатандаа яваа гэж мэдэгдсэн.  EPC 02, EPC 03 багцын ажил хэрэгжилтийн шатандаа явж байна. EPC 04 багцын ажлыг үргэлжлүүлэхэд 431 сая ам.долларын нэмэлт санхүүжилт хэрэгтэй байсан ч санхүүжилт нь дахин нэмэгджээ.

Гэрээг соёрхон батлахаар 2025 оны УИХ-ын намрын ээлжит чуулган хаахтай зэрэгцэн хэлэлцэж байна. УИХ-ын ажлын хэсэг тус үйлдвэрийн ажлын явцтай танилцаж, санал дүгнэлтээ танилцуулаагүй, гишүүд гэрээтэй танилцаж амжаагүй, олон нийтийг ч мэдээллээр хангаагүй байхад яаралтай горимоор хэлэлцэх гэж байна. 

Найман жил яригдаж буй нефтийн үйлдвэр зогсонги байдалтай байснаа гэнэт санхүүжилт нь нэмэгдээд ороод ирж буй байдалд хэн ч хариуцлага хүлээхгүй нь ойлгомжтой. Гагцхүү улс төржилттэй холбоод өнгөрдөг гэхэд буруудахгүй. Эс бөгөөс эл бүтээн байгуулалтад хулгай нүүрлэсэн байж болзошгүй юу??