Нийслэлчүүд утаатай, униартай Улаанбаатараасаа дайжиж, зүүн өмнөд азийн орнуудыг зорьж байна. Монголчууд нялхас балчруудаас эхлээд өтгөс буурал хүртэл олуулаа далайн эрэг дээр хөлхөлдөж, яг л Улаанбаатарт байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байгаа талаар аялагчдын жиргээ цахим орчинд хөвөрч буй. Статистикаас харахад, сүүлийн хоёр жил гадаад руу аялсан монголчуудын тоо давхардсан тоогоор 2 сая давж, 2023 онд 1.2 тэрбум, 2024 онд 1.3 тэрбум орчим ам.доллар зарцуулжээ.
Улирлаар нь авч үзвэл зундаа 7, 8 дугаар сард үндэсний баяр наадмын дараах урт амралт болон ээлжийн амралтаа тааруулж гадагшаагаа олноор аялдаг бол өвөлдөө шинэ жил болон сурагчдын амралтыг тохиолдуулан гэр бүлээрээ аялах нь түгээмэл болсон.
Тэгвэл монголыг зорин ирж байгаа гадаадын жуулчдын статистикыг авч үзье. Коронагийн дараа 2022 онд 290 мянга гаруй жуулчин ирж, 350 сая ам.долларын орлого оруулсан бол 2023 онд 650 мянган гадаад жуулчин нэг тэрбум ам.доллар үлдээгээд явжээ. Харин 2024 онд нийт 800 103 жуулчин манай улсыг зорин ирсэн бөгөөд эхний 9 сарын байдлаар 1,2 тэрбум ам.долларын орлого оруулсан байна. Оны эцсийн дүн мэдээлэл хараахан нэгтгэгдээгүй байгаа ч энэ үзүүлэлт 1,5 тэрбумд хүрсэн байх боломжтой.
Монголчууд 3.5 саяулаа, харин дэлхий 8 тэрбумуулаа. Манай цөөхөн хүн амаас жилдээ 2 сая давсан аялагч дэлхийг хэрж байхад дэлхийн 8 тэрбум хүнээс сая хүрэхгүй жуулчин биднийг зорин ирж байгаа нь дэндүү чамлалттай. Энэ нь манайд аялал жуулчлал хөгжих таатай нөхцөл бүрдээгүйтэй холбоотой.
Гэхдээ бид сул талаа давуу тал болгож яагаад болохгүй гэж. Өвөлдөө өөрсдөө зугтаадаг ч гэлээ гадныхныг урин дуудаж ирүүлэх боломж бидэнд бий. Дэлхийн 100 гаруй улс жилийн дөрвөн улиралтай байдгаас 40 орчим улсын өвөл монголтой ижилхэн хүйтэн болдог аж. Харин Антарктид, Грийнланд, Оросын Сибирь, Канадын Арктикийн арлууд, Норвегийн Свальбард зэрэг гарын таван хуруунд багтах газарт мөнхөд өвөл ноёрхдог.
Тэгвэл Монголын өвөл юугаараа онцлог юм бэ? Энэ бол цэлмэг тэнгэр. Хэдийгээр нийсэл маань агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж, өвөлдөө өтгөн манан суунагладаг ч гэлээ түүний дээр мөнх хөх тэнгэр оршиж буй. Энэ бидний давуу тал гэж хэлж болно. /Европ болон хойд америкын орнууд чийглэг, цас нь нойтон хүнд, тэнгэр нь голдуу бүрхэг байдаг./ Дээр нь өвлийн улиралд зохион байгуулагддаг, угсаатнуудын онцлогийг харуулсан эвентүүд байна.
Тухайлбал, Өмнөговьчууд жил бүр цагаан сарын өмнө “Түмэн тэмээний баяр” хийдэг. Энэ үеэр тэмээний уралдаан, шилмэл буур, ингэ, сайхан тэмээтэй хос шалгаруулдаг уламжлалтай. Сүүлд “Ингэний сүүний баяр” хамт хийдэг болсон.
Мөн 2001 оноос хойш жил бүр Хөвсгөл аймгийн Хатгал суманд зохион байгуулж буй “Хөх сувд” баяр, мөн аймгийн Цагааннуур суманд 2023 оноос эхлэн зохион байгуулах болсон “Цаа, цасны баяр”-ыг нэрлэж болно. Түүнчлэн Тамирын голын хөвөөнөө зохион байгуулдаг “Winterland ice festival”, “Сарлагийн баяр”, Ховд аймгийн Хар ус нуурын “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр, Хэнтий амйгийн Батноров сумын “Түмэн адууны баяр”, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын адууны өв соёлыг сурталчлах “Агтана хүрээт” гэх мэт тухайн орон нутаг, үндэстэн, ястнуудын онцлогийг харуулсан, сонирхолтой эвентүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа.
Улаанбаатарт ойролцоо, өвлийн турш тогтмол үзүүлж байгаа ганц үйлчилгээ бол Тэрэлж дэх “Нохойтой чарга Dog sledding Mongolia” юм.
Хөвчийн тайгаас эхлээд өмнийн говь гээд монгол орны өнцөг булан бүрд зохион байгуулдаг эдгээр арга хэмжээнүүдийг нэгтгэн өвөлдөө Улаанбаатараас баруун тийш, утаагүй, цэнгэг агаартай газарт нэгтгэн зохион байгуулж яагаад болохгүй гэж?
Холоос зорин ирсэн жуулчид өвлийн хүйтэнд монголын бартаатай замыг туулж, ядралгүйгээр нийслэлийн ойролцоо олон төрлийн арга хэмжээг нэг дороос харах боломж бүрдүүлээд өгвөл хол, ойрын жуулчдын сонирхлыг илүүтэй татаж болох юм. Гол нь гадаад дахь сурталчилгаа, ариун цэврийн байгууламж, түр сууц гэх мэт дэд бүтцийн асуудлыг төрөөс шийдвэрлэж өгөх шаардлагатай.
Хугацааны хувьд хаа холоос тэмээ, ямаа, цаа гээд хэдэн малаа урц, гэртэйгээ хамт ачаад, зардал чирэгдэл болж ирсэн иргэд, аж ахуйн нэгжүүд маань ашиг олж болохуйц хэмжээнд буюу дор хаяж нэг сарын турш үргэлжлүүлбэл зохимжтой болов уу.
Өвлийн улиралд жуулчдыг татах бас нэг бүтээгдэхүүн нь Хүйтний оргилд хүргэдэг лифт байж болох юм. Германчууд техник технологи төдийлөн хөгжөөгүй тэртээ 1870 онд Альпийн нурууны 2962м өндөр Zugspitze оргил руу гардаг цахилгаан тавьчихсан байдаг. 150 жилийн дараа монголчууд үүнийг хийж яагаад болохгүй гэж. Бие засуулах үйлчилгээ эрхэлдэг бизнест хүртэл хүч түрж ороод, жижиг бизнес эрхлэгчдийн хийж чадах ажлын байрыг булаацалддаг манай үндэсний томоохон компаниуд энэ үйлчилгээг судлаад үзэхэд гэмгүй дээ.
Эцэст нь хэлэхэд, улсын нийслэл маань ойрын хэдэн жилдээ утаанаасаа ангижрах найдвар бага болохоор гадаадын жуулчдыг өвөлдөө Улаанбаатарт удаахгүй, хөдөө уйдаахгүйгээр аялуулж, нүд, сэтгэлийг нь баясгачихдаг бүтээгдэхүүнүүдийг бодлого хийгээд санхүүгээр дэмжиж, өвлийн жуулчлалыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарахыг БОАЖ-ын сайдаас хүсэж байна. Угаасаа Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан юм билээ.