Эрчим хүчний үнэ нэмэгдсэнээс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрөөд байна. 2019 оноос хойш сүүлийн таван жилийн хугацаанд айл өрхийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулаагүй. Тарифт шинэчлэл хийж, зах зээлийн зарчимд нийцүүлснээр эрчим хүчний салбар санхүүгийн хямралаас гарч, эдийн засгийн бие даасан байдал хангагдана хэмээн Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгдэж байсан. Мэдээж, энэ салбарын орлого нэмэгдсэн л байх. Нөгөө талдаа энэхүү шинэтгэлийн үр дагавар өрх гэрийн эдийн засагт маш хүнд дарамт болж байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд илэрхийлсээр буй.
Тогны үнэ 30 хувь биш гурав дахин нэмэгдчихсэн юм биш үү хэмээн ард түмэн шогширч байхад эрх баригчид ханцуйндаа давхар нүүдэл хийчихсэн, мушилзан сууж байж ч мэднэ.
Ер нь эрчим хүчний салбар хямраад удсан ч өнгөрсөн хугацаанд үе үеийн Засгийн газар сонгогчдоос хасах оноо авахгүйн тулд хүчээр үнийг нь барьж ирсэн. Харин энэ удаа тэд үнийг 30-200 хувь хүртэл эрс нэмсэн нь үнэн хэрэгтээ ард түмнийг туйлдуулж байж ураныг эсэргүүцэгчид цагаан тугаа өргөн, бууж өгөхийг харах гэсэндээ гаргасан шийдвэр гэж хардах үндэслэл байна.
Улсын хэмжээнд 788 мянган ахуйн хэрэглэгч бүртгэгдсэний 45 хувь нь 150 кВт.ц хүртэл, 40 хувь нь 150-300 кВтц, 15 хувь нь 300 кВт.ц-аас дээш цахилгаан хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт.ц хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр, дараагийн 150-300 кВт.ц-ийн хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцохоор болов. Дээрх судалгаа үнэн бол нийт хэрэглэгчийн 40 хувийн төлбөрт төдийлөн өөрчлөлт орохгүй байх ёстой.
Гэвч дийлэнх өрхийн цахилгааны төлбөр эрс нэмэгдэж, маргаан үүсгэх болсон. Энэ тухайд хэрэглэгчийн системд хийж байгаа өөрчлөлттэй холбоотойгоор алдаа заах явдал гарч байгаа хэмээн албаны хүмүүс тайлбарлаж буй.
Иймд иргэд цахилгааны төлбөр, түүний задаргааг харахын тулд мөн төлбөрийн нэхэмжлэх танай гэр бүлийн хэрэглээтэй нийцэж байгаа эсэхийг шалгахын тулд my.tog.mn сайт руу нэвтэрч эсвэл аппликэшнийг нь утсандаа татаж аваад, цахилгаан хэрэгслийнхээ мэдээллийг оруулж, сарын төлбөрөө ойролцоогоор тооцох боломжтой гэнэ. Мөн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн лавлах утас 70047004-т хандаж, мэргэжилтнээр шалгуулж болно. Эсвэл 137004 дугаарт мессеж илгээж, төлбөрийн үлдэгдлээ шалгах боломжтой юм байна.