Төр оршиж байгаа цагт татвар байна гэсэн үг байдаг. Татварын үндсэн зорилго нь төрийн зардал болон нийгмийн үйлчилгээг санхүүжүүлэх. Капиталист оронд иргэд, аж ахуйн нэгжүүд нь татвар төлж тэрхүү зардлыг бүрдүүлдэг. Харин социалист орнууд татваргүй байсан. Хамгийн ойрын жишээ бол манай улс. Өмнөх нийгмийн үед цэцэрлэгээс эхлээд их, дээд сургуул хүртэл бүх шатны боловсрол, эмнэлэг гээд төрийн бүх үйлчилгээ үнэ төлбөргүй байлаа. Учир нь тухайн үед байгалийн баялаг, машинт үйлдвэр гээд монголын бүх өмч төрийн мэдэлд байсан юм. Иргэд өмчгүй байсан учраас төр өөрөө зардлаа даадаг байв.
Тэгвэл чөлөөт зах зээл бүхий Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи Монгол Улсын татварын орлогыг эргэн саная. Нийт татварын орлого 1990 онд 5 тэрбум, 1999 онд 260 тэрбум, 2005 онд 850 тэрбум байсан бол 2024 онд 27,4 их наяд гээд жилээс жилд татварын орлого эрс өсөж байдаг ч байнга алдагдалтай төсөв баталж ирсэн. Учир нь төрийн зардлыг дандаа орлогоосоо давуулдаг.
Татварын зардлыг ААН-үүд бүтээгдэхүүндээ шингээдэг учраас эцсийн хэрэглэгч буюу иргэн бүр татварыг халааснаасаа төлдөг. Үүнд дөнгөж төрсөн нярайгаас эхлээд өтгөс буурал ч багтана. Учир нь нярайн угжны сүү, памперсаас эхлээд бурхан болоочийн авс гээд бүх бараа бүтээгдэхүүн, үйчилгээнд НӨАТ, гааль, онцгой гэх мэт олон төрлийн татвар шингэсэн байдаг.
Тэгэхээр юуны өмнө өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт бага орлоготой, санхүүгийн бололцоо муу иргэдийг татвараас чөлөөлөх шаардлага бий. Олон улсын ийм туршлагыг судалж үзэх шаардлагатай. Жишээлбэл, Австрали улс жилийн 36 мянган австрали доллараас доош орлоготой иргэнийг татвараас чөлөөлдөг. Франц улс жилийн 24900 еврогоос доош орлоготой иргэнийг татвараас чөлөөлдөг төдийгүй орлого нь энэ хэмжээнд хүрэхгүй бол зөрүүг нь олгодог зохицуулалт ч байна.
Тэгвэл монголчууд хэр олон төрлийн татварыг шууд болон дам байдлаар төлдөг вэ? Татварын ерөнхий хуульд зааснаар Монгол Улс өнөөдрийн байдлаар 30 төрлийн татвартай. Үүнд:
1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;
2.гаалийн албан татвар;
3. нэмэгдсэн өртгийн албан татвар;
4.онцгой албан татвар;
5.автобензин, дизелийн түлшний албан татвар;
6.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;
7.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр
8. агаарын бохирдол
9. улсын тэмдэгтийн хураамж;
10.ус бохирдуулсны төлбөр;
11.газрын тосны нөөц ашигласны төлбөр;
12.газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;
13.хувь хүний орлогын албан татвар;
14.үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;
15.малын тоо толгойн албан татвар;
16.автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;
17.ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж;
18.газрын төлбөр;
19.галт зэвсгийн албан татвар;
20.хотын албан татвар;
21.нохой, муурын албан татвар;
22.өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар;
23.хог хаягдлын үйлчилгээний хураамж;
24.байгалийн ургамал ашигласны төлбөр;
25.усны нөөц ашигласны төлбөр;
26.рашаан ашигласны төлбөр;
27.ойн нөөц ашигласны төлбөр;
28.ан амьтны нөөц ашигласны төлбөр;
29.түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.
30.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөр.
Эдгээрээс хотын татвар нь энэ оны 6 дугаар сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Хууль нь 2024 оны 6 дугаар сард батлагдсан. Бусад татвар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй.
Ашигт малтмал болон газрын тос, ой, ус зэрэг хязгаарлагдмал нөөц бүхий баялгийг ашигласны төлбөрүүд бол зайлшгүй байх ёстой, аль ч улсад хэрэгждэг л татвар. Харин бүх төрлийн бараа, үйчилгээнд давхардуулан ногдуулж буй НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь болговол бараа бүтээгдэхүүний өртгийг бодитоор бууруулах нөхцөл бүрдэх болно.
Анхнаасаа бүртгэлийн зориулалттай, далд эдийн засгийг ил болгох зорилготой бий болсон татвар мөртлөө ердөө хоёрхон хувийг буцаан олгож байгаа систем нь эргээд далд эдийн засгийг хөхиүлэн дэмжих нөхцөл болоод байгаа юм. Жишээлбэл, 100 айл дахь барилгын материалын дэлгүүрүүд, “Нарантуул” гэх мэт задгай захууд дахь худалдаачид НӨАТ-гүй авбал 10 хувь хасаж өгөх нь түгээмэл.
Гэтэл хууль тогтоогчид нь НӨАТ-ыг улс төржих сэдэв болгохоос цаашгүй өнөөдрийг хүргэлээ. Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа D-parliament форумыг санаачилж, НӨАТ-ын буцаан олголтыг 50 хувь болгох хуулийн төсөл дээрээ 100 мянган хүний гарын үсэг цуглуулсан. Түүнд төслөө УИХ-аар хэлэлцүүлээд батлуулах эрх нь байсан ч хийгээгүй. Дараагийн парламентаас Б.Пүрэвдорж нарын гишүүд мөн л ижилхэн агуулгатай хуулийн төсөл өргөн бариад буй. Гэтэл Сангийн сайд нь буцаан олголтыг бүр 100 хувь болгохоо мэдэгдээд авсан. Үүнд нийт иргэдийн 70 орчим хувь нь хамрагдах тооцоолол гаргасан байна. Чухам аль нь хууль болон батлагдаж, хэрэгжихийг хүлээх л үлдэж байх шив.
Ийнхүү Монголд олон төрлийн татварын буулга дор иргэд, аж ахуйн нэгжүүд сөхөрч туйлдаж байна. Гэхдээ томоохон бизнесмэнүүд нь төрд шургалж, эсвэл лоббидох замаар Өршөөлийн хууль гаргуулж, татвараас бултдаг жишиг манайд бас бий.
Энэ бүхнийг өөрчилж, татварын бодлогод томоохон реформ хийх шаардлага тулгарч байгаа. Энэ тал дээр ядаж эдийн засагч мэргэжилтэй УИХ-ын гишүүд манлайлж, санаачлагатай ажиллахыг сонгогчид өөрсдөө шаардах хэрэгтэй. Тэд мандат олгосон ард түмэндээ үйлчлэх үүрэгтэй. Засгийн газар болон Сангийн яам бол үеийн үедээ татварыг яаж хэл амгүйхэн нэмж, орлогоо өсгөх вэ гэдэг дээр л толгойгоо гашилгадаг.