Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.22 16:13
1123
Т.Баярхүү: Өнгөрсөн онд нүүрсэн яндангүй 1452 тээврийн хэрэгслийг илрүүлсэн

Агаар орчны бохирдол, утааны асуудлаар хоёрдугаар 3,4-нд сонсгол зохион байгуулна. Үүний өмнө агаар орчны бохирдолтой холбоотой гурван дэд сэдвээр хэлэлцүүлэг зохиож буй. Өнөөдөр "Стандарт, хяналт" сэдвээр хоёр дахь хэлэлцүүлэг өрнөж байна. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс агаарын бохирдолтой холбоотой асуудлаар байр суурийг нь тодрууллаа. 

Тэрээр, "Монгол улсад нийтдээ 1,3 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүний 805 мянга нь Улаанбаатар хотод явж байна. Автомашинаас гарч байгаа утаа нь агаарын бохирдлын 22-23 хувийг эзэлж байна. 2024 онд 23 мянга орчим тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчлийг цагдаагийн байгууллага бүртгэснээс 1452 тээврийн хэрэгслийг нүүрсэн яндангүй замын хөдөлгөөнд оролцож байсныг илрүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш нэг сарын хугацаанд 297 тээврийн хэрэгсэл нүүрсэн яндангүй байсныг илрүүлсэн. 

Автомашинтай холбоотой агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хэд хэдэн ажлыг төлөвлөөд ажиллаж байна. УОК цаг тухай бүрд нь хяналт тавин ажиллаж байна" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: