Э.Ирэхбаяр
Редактор
Байгаль орчин
2025.01.22 17:41
1505
2030 он хүртэл хатуу түлшний хэрэглээг жил бүр бууруулж, 2031 оноос газ руу бүрэн шилжинэ гэв

Ирэх сард зохион байгуулах “Агаарын бохирдол, утаа” сэдэвт сонсголын бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын БОХХААБХ-ноос өнгөрөгч долоо хоногт “Агаарын бохирдол-Эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан бол өнөөдөр “Утааны асуудал: Стандарт, хяналт “ гэсэн сэдвээр үргэлжлүүлж байна.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр зуух болон түлшний технологийн асуудлыг түлхүү хөндөж, хотын дарга Х.Нямбаатар “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч байгаа арга хэмжээ” сэдэвт танилцуулга хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хэл ам дагуулаад байгаа 32 мянган зуухны тендер аль шатандаа явж байгаа, ямар түлш хэрэглэх талаар асууж лавлахад  Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Нийслэлийн Баянгол дүүрэг болон Өмнөговь, Төв аймагт тендер нь зарлагдсан 32 мянган зуух нь давхар шаталтат байх шаардлага тавьсан байгаа. Сонгон шалгаруулалт хараахан хийгдээгүй байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээн асуултаас булзаж байгаа харагдав. Уг нь төрөөс зарлаж байгаа аливаа тендер, түүнд тавигдаж  байгаа шаардлага нь иргэд, ААН-үүдэд нээлттэй байх ёстой.

Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Монголд ашиглаж байгаа бүх төрлийн зуухыг тавиад бүх төрлийн түлшийг шатааж туршихад давхар шаталтат “Нүүдэлчин” зуухнаас ямар ч утаа гараагүй. Мэдээж эхэндээ астлаа жаахан утаа гарна. Сүүл рүүгээ ямар ч утаа гарахгүй байгааг Засгийн газрын гишүүд харсан. Энэ зуухыг хоёр жилийн өмнө БГД-ийн 23-р хороонд өрхүүдэд тавьж туршихад ч утаа гараагүй. Дээр нь давхар шаталтат зуух тавьж байгаа айлууд угаартах аюулаас ангижирч байгаа. Өмнөговь аймагт мөн энэ зуухыг хэрэглэхэд сайн үр дүн гарсан” гэсэн хариулт өглөө.  

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “2030 он хүртэл хатуу түлшний хэрэглээг жил бүр бууруулахаар төлөвлөж байгаа. 2031 оноос газ руу бүрэн шилжинэ.” гэж мэдэгдлээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Улаанбаатарт Hubrid хөдөлгүүртэй 440 мянга орчим машин байгаа. Үүнээс 240 мянга нь Pruise маркийн тээврийн хэрэгсэл. Эдгээр машины үнэт металь оролцсон  католизатор янданг хулгайлж, хууль бусаар хилээр гаргах асуудал хавтгайрсан тул хилээр гаргахыг нь хориглосон. Энэ жилээс нүүрсэн яндангуудад төмөр тэмдэглэгээ тавьж, өөр машинд сольж тавих боломжгүй болгох ажлыг Автой тээврийн үндэсний төвтэй хамртан хэрэгжүүлнэ” гэв.  

Хэлэлцүүлэгт оролцогч иргэн М.Баярмаа “Багануурын нүүрсийг их тортогтой гэдэг. Түүгээр шахмал түлш хийхээр тортог ихтэй түлш болох юм биш үү” гэж асуухад С.Одонтуяа сайд “Хагас косжсон нүүрсийг эхлээд угаагаад, дараа нь жигнээд, давирхайг ялгах явцад тортог нь арилна гэж үзэж байгаа.” Гэсэн хариулт өгөв.

М.Баярмаа мөн "Иргэд гэр, байшингаа сайн дулаалах юм бол дулаан алдагдал 50 хувь буурна. Тэгэхээр 300,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийн тодорхой хувийг дулаалганд зарцуулах хэрэгтэй" гэсэн санал дэвшүүлэв.

“Нүүдэлчин эко ресурс” ХХК-ийн бүтээсэн “Нүүдэлчин” зуухтай холбоотой гомдол бас гарсан удаатай. Илч муутай, дахин дахин түлэх шаардлага гардаг гэх мэт. Ямартай ч Монгол Улсын болон ОХУ, БНХАУ-ын Оюуны өмчийн газар, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, ШУА Хими, химийн технологийн хүрээлэн, лаборатори, Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газар зэрэг мэргэжлийн байгууллагууд тус зуухны талаар эерэг дүгнэлт гаргасан байгаа юм.