Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас дараах мэдээллийг тодрууллаа.
Зээлийн хэлэлцээрийг баталчихлаа. Газрын тосны үйлдвэр байгуулах төсөл дээр нэн тэргүүнд ямар ажил хийх вэ?
Газрын тосны үйлдвэр байгуулахаар зээлсэн 1 тэрбум 268 сая ам.долларын зээл дээр нэмж 468 сая ам.долларын санхүүжилт авах зээлийн хэлэлцээрийг УИХ баталлаа. Хэлэлцээр батлагдсан учраас ойрын хугацаанд гарын үсэг зурна.
Төслийн хүрээнд гүйцэтгэх ажлыг дөрөв хуваасан. Эхний хэсгийг ашиглалтад хүлээж авсан. Бусад хэсгүүд мөн тодорхой хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Өнөөдрийн байдлаар 260.0-270.0 сая ам.долларын гүйцэтгэл хийгдсэн. Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Газрын тос боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэлийг хянах Ажлын хэсэг байгуулж, Л.Мөнхбаясгалан гишүүнээр ахлуулсан. Засгийн газраас мөн энэ төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийг надаар ахлуулж байгуулсан.
Газрын тос байгуулах үйлдвэр нь Монгол Улсын хөгжилд ихээхэн дэмтэй тул хоёр ажлын хэсэг хамтраад шахаад явна. Гэрээ байгуулсан өдрөөс хойш 36-38 сарын дараа үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэж өгөх ёстой.
Хэрэв 38 сарын дараа төслийг бүрэн гүйцэтгэж, ашиглалтад оруулахгүй бол хэн хариуцлага хүлээх вэ?
Газрын тос боловсруулах үйлдвэр нь “Эрдэнэс монгол” ХК-ийн харъяанд байдаг. Тус компани нь ЗГХЭГ-т харъяалагддаг. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч нь ЗГХЭГ. Тэгэхээр Шадар сайд хариуцлага хүлээх ёстой.
Мөн энэ үйлдвэрийг босгоход шаардлагатай 1,5 тэрбум ам.долларыг босгох үүрэг нь манай яаманд бий. Энэ мөнгөний зарцуулалтад хяналт тавих эрх нь УИХ-ын гишүүн бүрд бий. Мэдээж, ЗГ хариуцлага хүлээх ёстой.
Төслийн ач холбогдлын талаар онцолж хэлбэл...
Нэгдүгээрт, ямар ч улс орон гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон нефтийн бүтээгдэхүүнээ олон эх үсвэрээс авдаг. Манайх нефтийнхээ 95-96 хувийг ганцхан ОХУ-аас авч байгаа. Тэгэхээр тэнд эрсдэл үүсвэл энд бүр дампуурна гэсэн үг. Энэ газрын тосны үйлдвэрээс дотоодын хэрэгцээнийхээ 55 хувийг шийднэ гэсэн зорилт тавьж байгаа.
Хоёрдугаарт, Монгол Улс валютын нөөц багатай орон. Гэтэл гадагшаа зарцуулж байгаа валютын дийлэнх нь тунгалаг нефть бүтээгдэхүүний худалдаа байгаа. Тэгэхээр үйлдвэр ашиглалтад орсноор энэ валютын тал нь монголдоо үлдэх боломжтой болно.
Гуравдугаарт, газрын тос олборлож, дотооддоо боловсруулснаар нэмүү өртөг шингээхээс гадна ажлын байр бий болгох гэх мэт олон эерэг үр дагавар бий болох учиртай.
Дөрөвдүгээрт, өнөөдөр хэрэглэж буй К2 маркийн дизель түлш болон Евро 2 маркийн түлшнээс хамаагүй чанартай, өөрөөр хэлбэл Евро 5-аас дээш маркийн чанартай түлш үйлдвэрлэх юм. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулахад ч нэмэр болно.
Хэрвээ ямар нэг зөрчил үүслээ гэхэд Энэтхэг улс дахь Арбитрын шүүхээр орно гэж гэрээнд заасан байгаа. Энэ нь зээлдэгч талд давуу эрх өгөөд байна л даа. Энэ тал дээр Та юу хэлэх вэ?
Миний бие энэ төслийн гэрээг байгуулах үед байгаагүй, дээрээс нь нууцын зэрэглэл бүхий материалтай хараахан танилцаагүй байгаа болохоор энэ талаар тодорхой мэдээлэлгүй байна.
Үйлдвэр баригдлаа гэхэд дотоодод олборлож байгаа газрын тосоо үндэсний үйлдвэрт бүгдийг нь нийлүүлэх баталгаа байгаа юу?
Уул уурхайн бүтээгдэхүүнээс АМНАТ гэж авдаг шиг газрын тосны олборлолт дээр бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж байгуулдаг. Энэ гэрээнд Монгол Улсаас олборлох газрын тосоор үйлдвэрийг хангана гэж заасан байгаа.
Өөрөөр хэлбэл, өөрийн талд оногдох бүтээгдэхүүнээс гадна хятадын талд ногдож байгаа бүтээгдэхүүнийг зах зээлийнх нь ханшаар худалдаж авна гэсэн үг.
Газрын тосны үйлдвэр байгуулах гэрээг Төрийн нууцад оруулсан. Тэгэхээр Ажлын хэсгийн гишүүд төслийн талаар бүрэн мэдээлэл авах боломжгүй юм биш үү?
Төрийн нууцын тухай хуулиар 2017 оны 9 дүгээр сард энэ асуудлыг нууцад оруулсан юм билээ. Тиймээс уг асуудлыг нууцаас гаргаж байж, ажлын хэсгийнхэнд танилцуулъя гэдэг санал гарсан. Гэхдээ энэ нь процессын хувьд хугацаа орно.
Тагнуулын байгууллага ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргаад, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэн шийдэх ёстой. Гэхдээ Ажлын хэсгийн гишүүд өөрсдөө хүсэлт гаргаад, нууцын бичигт гарын үсэг зурах юм бол танилцах эрх нь нээлттэй байгаа.
Шууд дамжуулалтыг үзэх: