УИХ-аар энэ долоо хоногт хот байгуулалттай холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцэж байна. Тухайлбал, “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүллээ. Мөн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан.
Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хороогоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцуулав.
УИХ-аас өнгөрөгч оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Мөн өдөртөө “Хот байгуулах тухай” УИХ-ын 76 дугаар тогтоолыг баталсан байдаг. Уг тогтоолд Шинэ Зуунмод хот нь нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх стратегийн ач холбогдол бүхий дагуул хот байхаар заасан. Чингэхдээ Төв аймагтай бүх талаар хөгжлийн интеграцад орж, хотын эдийн засгийн үр ашгийг хамт бүрдүүлэх үүрэгтэй байхаар тусгасан байна.
Гэвч Зуунмод хот гэх нэршил нь Төв аймаг буюу Зуунмод хотыг шинэчлэн зохион байгуулах гээд байгаа юм уу эсвэл Зуунмодын дагуул хот юм уу гэдэг дээр олон нийт төөрөгдөх эрсдэлтэй гэж үзсэний үндсэн дээр нэршлийг өөрчлөх асуудал хөндөгдөж эхэлсэн байна.
Аливаа хот, суурин газрын оноосон нэр нь тухайн орон нутгийнхаа түүх, соёл болон ямар чиг баримжаатай, онцлогтой болох талаар анхны төсөөллийг өгдөг учраас үүнийг илэрхийлсэн, дээр нь олон улсад дуудах бичихэд хялбар, ойлгомжтой байдлаар нэрлэх нь зүйтэй гэж төсөл санаалагчид үзжээ.
Ингээд Төв Азид анхны төрт улсыг үүсгэн, олон улсын худалдааны Торгоны замыг хяналтдаа авч, Евроазийн түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн Хүннү гүрний нэрээр нэрлэхээр өөрчлөлт оруулж байгаа төслийг байнгын хорооны гишүүд хэлэлцэхийг дэмжлээ.
Шинэ сэргэлтийн бодлогод олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлэхийн тулд дагуул хотуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар тусгасан. Энэ хүрээнд Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод хотыг байгуулахаар төлөвлөсөн юм. 31,000 га талбайд төлөвлөж буй энэ хот нь эдийн засгийн чөлөөт бүс байх бөгөөд оюутны хотхон, судалгаа шинжилгээ, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, тээвэр логистикийн төв болох аж.