УИХ-ын энэ өдөр /2025.01.24/-ийн нэгдсэн чуулганаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Шинэ Зуунмод хот буюу ирээдүйд Хүннү хэмээн нэрлэгдэх дагуул хотыг байгуулах ажлын явцын талаар дараах мэдээллийг өглөө. Тэрээр хэлэхдээ:
2024 оны 5 дугаар сард Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Хот тосгоныг шинээр байгуулах тухай” УИХ-ын тогтоол ч хавсралтаар батлагдсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын захын хоёр дүүрэг болох Налайх, Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгохоор төлөвлөсөн. Түүнчлэн төвийн зургаан дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийг 14 хот болгож, Шинэ Зуунмод, Багахангай, Агро сити, Шарга морьт гэсэн дагуул хотууд байгуулахаар төлөвлөсөн.
Шинэ Зуунмод хотын тухайд корпорацийн зарчмаар байгуулахаар хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдын нутгаас 33 мянган га тайлбайг авч, Хөшигийн хөндийн орчимд байгуулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар дэд бүтэц буюу газар доорх инженерийн байгууламжийг хийгээд дуусаж байна.
Энэ хотын эрчим хүчний эх үүсвэрийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчээр шийдэх гээд тендерийг нь зарлах гэж байна. Цэвэрлэх байгууламжийн тендерийг энэ 3 дугаар сард багтааж зарлана. ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Энэ дагуул хотын 80 хувийг Улаанбаатар хот, 20 хувийг Төв аймаг эзэмшинэ.
150 мянган хүний суурьшил бүхий аялал жуулчлал, тээвэр логистикийн хот байхаар төлөвлөсөн гэв.
Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахтай холбогдуулан дагуул хотуудыг хөгжүүлэх асуудал олон жил яригдаж ирсэн ч өнгөрсөн жил л анх удаа хуульчлагдсан. Нэгэнт эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн болохоор Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг давтахгүйн тулд эхнээсээ сайтар төлөвлөн, газар доорх хотоо байгуулж байж, газар дээрх байгууламж руугаа орох хэрэгтэй.