“Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбоо”-оос Монгол хүний оюун санаа, хүч хөдөлмөрөөр бүтсэн бүхнийг дэлхийд үнэлэмжтэй болгох зорилгоор "Монгол эв нэгдэл" төслийг эхлүүлж, 21 аймгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож байгаа билээ. Төслийг санаачлагч Худалдаа, үйлдвэр, үйлчилгээ үндэсний нэгдсэн холбооны ТУЗ-ийн дарга Г.Гангамөрөн болон ТУЗ-ийн гишүүн МУГЖ Т.Баясгалан, Дөрвөн Улсын гавьяат, "Монгол эв нэгдэл" төслийг дэмжигч С.Жавхлан нар зүүн говийн аймгуудын үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзсаны дараа төвийн болон хангайн бүс дэх уулзалтаа өнөөдөр Өвөрхангай аймгаас эхлүүлж байна.
Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжилд үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид онцгой үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс үндэсний үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгож, онцгойлон дэмжих нь улс орны эдийн засгийн хөгжилд оруулж байгаа томоохон хувь нэмэр юм. Үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, дэлхийн зах зээлд гаргах боломжийг нь нээж өгөх, дэмжих зорилготой төслийн багийнхан Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэгч нартай уулзаж, тэдний бараа бүтээгдэхүүнтэй танилцлаа.
Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 2400 гаруй аж ахуй нэгж, хоршоолол үйл ажиллагаа явуулж, 9000 гаруй иргэнийг ажлын байраар хангаж байна. Тус аймгийн хувьд малын гаралтай мах, ноос ноолуур, ааруул цагаан идээ боловсруулах зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Мөн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжин 2021 оноос эхлэн "Өвөрхангайд үйлдвэрлэв" худалдааны төвийг нээж, аймгийн 400 гаруй бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж байна. Уулзалтын үеэр цаашид үндэсний үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнээ таниулж, борлуултаа ахиулах, хамтдаа хөгжих цаашлаад дэлхийн зах зээд гарах боломжийн талаар санал, сэтгэгдэлээ солилцсон юм.
"Монгол эв нэгдэл" төсөлтэй Монголын хамгийн том технелогийн компани болох Гэрэгэ систем, М банк хамтран ажиллаж, орон нутгийн иргэдэд мэдээлэл хүргэсэн юм.
Мөн төслийг дэмжиж дөрвөн Улсын гавьяат Самандын Жавхлан "Гавъяатын найр" тоглолтоо толилуулсан бөгөөд тоглолтод МУГЖ Т.Баясгалан оролцож, өврийн сайхан ард түмний сонорыг мялаалаа. Тоглолтын үеэр аймгийн удирдлагууд дөрвөн Улсын гавъяат С.Жавхланд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит хүндэт тэмдэг, МУГЖ Т.Баясгаланд аймгийн алдартан цол тэмдэг гардуулж, хийж эхлүүлж байгаа үйлсэд нь амжилт хүслээ.