Төрийн ордонд утааны ерөнхий сонсгол болж байна. Сонсголтой холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Шахмал түлшинд тавьж байгаа стандарт шахмал түлшийг хийхэд ордог түүхий эд буюу мидлингэд зориулсан стандарт юм байна. Сайжруулсан шахмал түлшийг хийж байгаа зорилго нь Улаанбаатар хотыг утаагүй болгох. Хүний биед хоргүй ямар бүтээгдэхүүн хийх вэ гэж байгаад сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэсэн. Үүний төлөө 2018 оноос хойш 1,7 их наядыг зарцуулсан. Гэтэл хүндээ биш мидлингдээ зориулсан стандарт гаргасан гэдэг нь харагдаж байна.
"Энержи ресурс" үнэгүй мидлинг нийлүүлдэг. Түүгээр нь сайжруулсан шахмал түлш хийдэг гэж ярьдаг. Гэтэл сонсголын үеэр "Энержи ресурс" ХХК-ийн захирал Г.Батцэнгэл агаар бохирдуулсны төлбөрөөс чөлөөлүүлдэг гэлээ. Тонн тутмаас 1000 төгрөг буюу нийтдээ 20 гаруй тэрбум төгрөгөөр чөлөөлөгдсөн гэсэн үг. Үүнээс "Энержи ресурс" ХХК хожсон байна. Харин "Тавантолгой түлш" ХХК татвар төлөгч бидний мөнгийг 1,7 их наядыг хийсгэжээ.
Өнөөдрийн сонсголд оролцож байгаа эрдэмтдийн дүгнэлт бүгд бөөрөнхий, худлаа байна.
Хамгийн анхны хүний эрүүл мэндийн хэлэлцүүлэг дээр сайжруулсан шахмал түлш нь хортой. PM 2,5 буюу PM 10-ийг их хэмжээгээр ялгаруулж байна гэдгийг эрдэмтэд танилцуулж байсан. Харин өнөөдөр хоргүй болоод гараад ирсэн.
Эхний хэлэлцүүлэгт 700 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан бол өнөөдөр 163 хүн амиа алдсан болж өөрчлөгджээ. Мөн утаанаас үүдэлтэй зулбалт нэмэгдэж байна гэсэн атал өнөөдөр багассан гэлээ. Үүнийг юу гэж ойлгох вэ, хэний эрх ашиг байна вэ? Утааны сонсгол үр дүнгүй болж байна" гэлээ.
Шууд дамжуулалтыг үзэх: