Э.Ирэхбаяр
Редактор
Соёл урлаг
2025.02.03 21:21
5302
Кино шиг хайрын түүх

Тайванийн алдарт жүжигчин Barbie Hsu зуурдаар нас барсан мэдээ сая сая шүтэн бишрэгчдийг гунигт автуулж, түүний нөхөр Ку Жун Ёб тэр хоёрын гайхалтай хайрын түүх дахин олны анхаарлыг татаж байна.

Солонгосын дуучин Кү Жүн Ёб болон Тайванийн жүжигчин Barbie Hsu нар 1998 онд анх Тайваньд танилцан үерхэж эхэлсэн. Тухайн үед Кү Жүн Ёб нь "Клон (CLON)" хамтлагийн гишүүнээр Солонгост төдийгүй Азид алдартай байсан бол Barbie Hsu Тайваньд од болон гялалзаж байв. Barbie Hsu нэгэн ярилцлагадаа "Кү Жүн Ёбыг анх хараад л дурласан" хэмээн дурсан ярьсан байдаг. Ингээд тэд нууцаар үерхэж, нэг жилийн турш дотно харилцаатай байсан.

Гэвч тухайн үед Кү Жүн Ёбын агентлаг хамтлагийн гишүүдийг үерхэхийг хориглодог байснаас болж тэд харилцаагаа тасалж, тус тусын замыг хөөсөн байна.

Barbie Hsu 2001 онд Тайванийн алдарт "Цэцэг шиг хөвгүүд" (流星花園, Meteor Garden) буюу монголчуудын мэддэгээр “F4” кинонд гол дүр бүтээж, Ази даяар алдаршсан. 2011 онд тэрбээр Хятадын бизнесмэн Ван Шяопэй (汪小菲)-тэй гэрлэж, нэг хүү, нэг охинтой болсон ч 2021 онд гэр бүлээ цуцлуулсан. Ку Жун Ёбын хувьд шоу бизнесийн салбарт үргэлжлүүлэн ажиллаж, DJ-ийн карьераа амжилттай авч явж ирсэн ч хувийн амьдрал нь тэгшрээгүй байсан.

Тайвань дахь хурим

20 гаруй жилийн турш нэг ч удаа холбоо бариагүй Ку Жун Ёб 2021 онд Barbie Hsu салсныг хэвлэлийн хуудаснаас олж мэдсэн байна. Ингээд огтхон ч эргэлзэлгүйгээр тэд үерхэж байх үед барьж байсан дугаар руу нь залгаж үзэхэд  Barbie Hsu мөнөөх дугаараа солилгүй барьсаар байж.

Ийн тэд дахин харилцаж эхэлсэн байна. Олон жилийн дараа ч бие биенээ хайрласаар байгаагаа мэдэрсэн хосууд гэрлэхээр шийджээ. Кү Жүн Ёб тухайн үед "20 гаруй жил өнгөрсөн ч тэр миний хувьд хамгийн үнэ цэнтэй хүн хэвээрээ байсан" хэмээн ярьсан байдаг.

Тэдний дахин учирсан цаг хугацаа Коронавирусын үетэй давхцсан тул тэдний уулзалтад хорио цээр саад болж байв. Тиймээс тэд эхлээд онлайнаар гэрлэж, дараа нь Кү Жүн Ёб Тайваньд очиж, гэрлэлтээ бүртгүүлсэн.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа "Би нэг ч мөчийг алдахыг хүсээгүй. Үлдсэн амьдралаа түүнтэй хамт өнгөрүүлэхийг хүссэн" хэмээн хэлсэн байдаг. Тэдний хуримын мэдээ гармагц Солонгос, Тайвань гэлтгүй Азийн олон оронд халуун сэдэв болж, шүтэн бишрэгчид нь тэдний хайр сэтгэлийг уухайлан дэмжсэн юм.

Гэнэтийн хагацал

Гэрлэснийхээ дараа тэд Тайваньд хамтдаа амьдарч, аз жаргалтай өдрүүдийг бүтээж байлаа. Кү Жүн Ёб Солонгос, Тайвань хоёрын хооронд ажиллаж байсан бол Barbie Hsu жүжигчний ажлаа орхиж, гэр бүлийн амьдралдаа төвлөрсөн байна. Гэвч саяын цагаан сараар Barbie Hsu гэр бүлээрээ Япон руу аялж байхдаа томуугаас үүдэлтэй уушгины хатгалгаа тусаж, гэнэтийн байдлаар нас барсан нь олон хүнийг цочролд оруулжээ.