Өнөөдөр дэлхийн хорт хавдартай тэмцэх өдөр. 2000 оноос хойшхи статистикыг харвал, 10 мянган хүнд ногдох хорт хавдраар өвчлөгсдийн тоо тогтмол өсөж ирсэн байна. Тухайлбал 2000 онд 10 мянган хүн тутамд 12.3 хүн шинээр хорт хавдраар оношлогдож байсан бол 2023 онд 21.4 хүн болсон болжээ.
2023 оны мэдээллээс харахад, 7244 хүн хорт хавдраар шинээр оношлогдож, 4556 хүн нас барсан нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлт байна.
Өвчний төрлөөр нь авч үзвэл элэгний хорт хавдар 32 хувиар тэргүүлж, ходоодны хорт хавдар 17 хувиар удаалж, 6.5 хувиар уушгины хорт хавдар гуравт бичигдэж байна.
Хэдийгээр уушгины хорт хавдар одоогоор гурав дугаарт бичигдэж байгаа ч цаашид илүү хурдацтай өсөн нэмэгдэж, 10-15 жилийн дараа тэргүүлэх өвчлөл болох нөхцөл хэдийнэ бүрдсэнийг судлаачид хэлж байгаа юм.
Учир нь 0-5 насны хүүхдийн амьсгалын зам богинохон учраас гаднаас орж ирсэн хорыг гадагшлуулж чаддаггүй. Иймд утааны хамгийн гол хохироч болж, уушгины хатгалгаа, уушгины өвчлөлд ихээхэн өртөж буй. Энэ хүүхдүүдээс 10-20 жилийн дараа уушгины хорт хавдар илрэх магадлал өндөр гэдгийг эмч нар анхааруулсаар байгаа.
Сүүлийн гурван жилийн статистикыг харахад л уушгины хорт хавдраар өвчлөгсдийн тоо жилд дунджаар 100 орчим хүнээр нэмэгдэж байна. Энэ бол агаарын бохирдлын шууд үр дагавар, нөгөөтэйгүүр эрт илрүүлгийн кампанит ажлын үр дүн буюу илрүүлэг сайжирсан байж болох юм.
Агаарын бохирдол одоо байгаа түвшнээс бага байхад л 3 жилийн дотор уушгины хорт хавдраар өвчлөх магадлал гурав дахин ихэсдэг гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү мэдэгдэж байсан. Мөн утаагүй гэх түлшинд агуулагддаг олон цагаригт үнэрт нүүрс төрөгчийн хэмжээ хүлцэх хэмжээнээс хоёроос гурав дахин их байгааг ШУТИС-ийн доктор, профессор н.Амгалангийн судалгаа харуулсан байдаг.
Эдгээр баримтууд агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд ноцтойгоор аюул заналхийлж байгааг харуулж байгаа юм.
"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдэвт сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр сонсолын үеэр угаараас болж хордсон иргэдийн тооны талаар зөрүүтэй мэдээлэл гарч, маргаан дагуулсан. Тэгвэл өнөөдрийн сонсголын үеэр уг сонсголыг даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Шүүх шинжилгээний ерөнхий газраас гаргасан судалгаагаар 2017-2024 онд угаартаж хордсоны улмаас 779 иргэн нас барсан гэж бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, гэртээ иргэн нас барахад цагдаа нар газар дээр нь очоод, шүүх эмнэлэгт хүргэж өгсөн хүний тоо. 20147-2022 онтой харьцуулахад, 2023-2024 онд угаартаж нас барсан хүний тоо хоёр дахин нэмэгдсэн. ЭМЯ-наас гаргасан 163 гэдэг тоо бол зөвхөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байхдаа нас барсан иргэдийн тоо юм шүү” гэдгийг зориуд онцлон хэлсэн юм.
Тэгэхээр иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүрэгтэй төр утаагүй түлш, зуух гэх мэт аргацаасан асуудлаар хөөцөлдөж цаг алдалгүйгээр яндантай өрхүүдээ орон сууцжуулах арга хэмжээ авахгүй бол ойрын ирээдүйд уушгины хорт хавдар хэмээх өвчин монголчуудыг дарлах нь байна шүү, эрхэм шийдвэр гаргачид аа!!!