Э.Ирэхбаяр
Редактор
Байгаль орчин
2025.02.04 14:32
636
Утааны эсрэг тэмцлийг хариуцлага тооцохоос эхлүүлье гэв

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт хяналтын сонсгол өнөөдөр /2025.02.04/ Төрийн ордонд үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хариуцлага тооцохгүй л бол хичнээн сонсгол хийгээд нэмэргүй, ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг онцолж байна. Тэрээр хэлэхдээ:

Хэдүүлээ буруугаа хүлээж суръя. УИХ-аас эхлэх ёстой. Хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх ёстой. 1952 оны 12 дугаар сард Лондонд хамгийн их утаатай өвөл болсон. 300-гаад хүн нас барсан. Үүний дараа Лондон хотын тухай хууль, Цэвэр агаарын тухай, задгай зуух ашиглахгүй байх тухай хууль баталсан. Бид ч гэсэн хамгийн түрүүнд Хариуцлагын тухай хууль батлах ёстой. Тэгээд агаарын бохирдлын төлбөр гэх мэт харилцааг илүү сайжруулах шаардлагатай байна.

УИХ бодлогоо гаргаж, Засгийн газартаа даалгавар өгдөг, ЗГ нь “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны дарга нь С.Одонтуяа байна уу эсвэл өөр хэн нэгэн байхаас үл хамаарч тооцоо боддог, тэр нь доошоогоо нийслэлтэйгээ хариуцлага тооцдог схемийг бид бий болгох ёстой. Хариуцлага тооцож байж, бид энэ асуудлын ард гарна.

Өчигдөр утаа угаараас болж нас барсан хүний тоо 700 гаран уу, зуун хэд үү гэдэг дээр маргалдаад байх юм. Уг нь хүн нас барсан гэдэг нь өөрөө факт. Гэтэл тоонд нь ач холбогдол өгөөд байх юм гэв.

Тэрээр мөн “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын хувьд С.Одонтуяагаас асууя. Энэ агаарыг хэзээ бууруулах юм бэ, ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг дээр хариулт авъя” гэж асуулаа.

С.Одонтуяа сайд хариуд нь “Холбогдох бүх хуулийг батлаад, батлагдсан хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох зохицуулалт тусгаад, агаарын бохирдолтой тэмцэхэд шаардлагатай төсвийг батлаад өгөх юм бол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Одоо надад хариуцлага тооцох хуулийн заалт, төсөв хөрөнгийн аль нь ч байхгүй байна. Өчигдөр М.Ганхүлэг гишүүний асуусан агаарын чанарыг хэмждэг төхөөрөмж гэхэд л нэг тэрбум төгрөгийн үнэтэй. Хоёрхон төхөөрөмж авах төсөв батлуулсан. 21 аймагтаа ганц ганцыг авах гээд хандив тусламж хөөцөлдөөд явж байгаа. Төсөв хөрөнгөгүйгээр энэ ажил явах боломжгүй.

Дээрээс нь бүх юмыг төр өөрөө аваад, чөлөөт зах зээл дээрх өрсөлдөөнийг байхгүй болгочихсон. Сайн чанарын түлш хийж байсан хувийн хэвшлийнхэн бүгд татаасгүй болоод хаагдсан.

Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа эргэж харах хэрэгтэй. Өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох шаардлага бий. Аж ахуйн нэгжүүд илүү гарсан эрчим хүчээ борлуулдаг зах зээлийг бий болгохгүй, бүх талаар гарыг нь хумьчихаар энэ ажил урагшлахгүй байгаа юм” хэмээн байр сууриа хариу илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа мөн “Хариуцлага гэхээр хэн нэг хүнийг заавал шоронд хорих тухай биш. Эхлээд яам, нийслэл аль нь ч бай, бид энэ дээрээ алдсан гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн санал нэмэрлэв.

Манай нийгэмд бүх шатандаа хариуцлага, хөдөлмөрийн болоод санхүүгийн сахилга бат байхгүй болсон. Хэн нэгэн ямар нэг асуудлаар шүгэл үлээлээ гэхэд хэсэгхэн хугацаанд нийтээрээ шуугиж байгаад мартчихдаг. Тийм болохоор төрөөс тэрбумтнууд төрсөөр байгаа. Хариуцлага тооцдоггүй болохоор л хулгайч нар эрдэнэсийн санд гар дүрэхдээ айж ичдэггүй. Ямартай ч хариуцлага чухал гэдгийг санаж, сануулж байгаа цөөн боловч төрийн түшээ байгаа нь яамай даа.