Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.02.04 16:39
714
50 мянган өрхийн зуух шаардлага хангахгүй, 75200 өрхийг дулаалах шаардлагатай байгаа гэв

Агаарын бохирдлын талаар ерөнхий хяналтын сонсголоос хүлээж байгаа үр дүнгийн талаар БОАЖ-ын сайд бөгөөд “Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо”-ны дарга С.Одонтуяагаас тодрууллаа.

-Агаарын бохирдлын талаар хэлэлцүүлэг, хяналтын сонсгол нийт дөрвөн долоо хоног үргэлжиллээ. Ямар үр дүн гарна гэж дүгнэж байна?

-Сонсгол дээр ард иргэдээ сонсож байна. Судлаачид, инженер, зохион бүтээгчид гээд зовлон дундуур туучсан хүмүүс тодорхой шийдэл, гарц гаргалгаа дэвшүүлж байна. Хариуцлага хүлээлгэх буруутанг бас хайцгаалаа. Аюулын харанга дахин дахин дэлдлээ. УИХ-ын гишүүд ч бас олноороо оролцлоо.

Үндэсний хорооны даргын хувьд, юуны өмнө хууль эрх зүйн орчныг сайжруулаад, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдэж өгөх хэрэгтэй, тэгж байж үр дүнд хүрнэ гэдэг байр сууриа илэрхийллээ. Агаар бохирдуулсны төлбөрийг бүгдийг улсын төсөвт авчихдаг. Тэгсэн хэрнээ энэ онд утаатай тэмцэхэд зориулж төсөв тавьсангүй. Төсөв хөрөнгө зарахгүйгээр энэ ажил явахгүй гэдгийг хэллээ. Гэхдээ зөвхөн улсын төсвийг хараад энэ асуудлыг шийдэж чадахгүй, урт хугацаа орно. Өөр шийдэл бид хайх хэрэгтэй. Олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг мөн хэрэгжүүлнэ.

-Тэр шийдэл нь чухам юу юм бэ? Үндэсний хороо тэр шийдлийг нь гаргах ёстой биз дээ?

Үндэсний хороо богино, дунд, урт хугацаанд ямар ажил хийх вэ гэдгээ хэлэлцээд баталчихсан. Хорооны бүрэлдэхүүнд бүх сайд орж байгаа. Дэд дарга нь хотын дарга Х.Нямбаатар. Бид долоо хоног бүр Засгийн газрын хуралдаан дээр одоо ямар асуудал дээр явж байгаа вэ, алийг нь эхэлж шийдэх вэ гэдгээ танилцуулаад, хэлэлцээд явж байгаа. Мөн бямба гараг бүрд болдог нийслэлийн шуурхай дээр ч энэ асуудлыг тогтмол хэлэлцэж байгаа. Үндэсний хорооны даргаар нэг сар орчим ажиллахдаа олон хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг олж харлаа.

Богино, дунд, урт хугацаанд яг ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

Дэлхийн улс орнууд хоёр аргаар утааг бууруулж байна. Нэг нь цахилгаанаар, нөгөө нь газаар шийдсэн байдаг. Газын тухайд манайх импортоос хамааралтай, дээр нь тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй тул тодорхой тооны айлд нэвтрүүлэхээр ярьсан. Хамгийн амархан бөгөөд хурдан шийдэх арга нь цахилгаан.

Үүний тулд Сэргээгдэх эрчим хүчний тухай болон бусад холбогдох хуульд зохих өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгаа. Энэ бол урт хугацаандаа хамгийн боломжит хувилбар.

Өмнө нь цахилгаан станц барихад хөрөнгө мөнгө ер зарцуулаагүй. Одоо эрчим хүчний салбарын шинэтгэлийн хүрээнд хувийн хэвшлүүд эрчим хүч рүү орох үүд хаалга нээгдэж байна. Энэ маш том дэвшил. Сонсголд оролцсон эрдэмтэн, судлаачид бүх зүйлийг төр авснаас болж өрсөлдөөн хаагдсаныг хэлж байсан.

Үүний зэрэгцээ өрх бүр, аж ахуйн нэгж бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох, чадвал хэрэгцээнээс илүү гарснаа улсад борлуулах нөхцөлийг бүрдүүлж өгөх шаардлагатай байна. Хөдөө уулын мухарт нарны панель тавьчихсан, хөргөгч, телевиз ажиллуулчихсан, амьдарч болоод байгаа. Үүнтэй адил нийслэлд гэр хороолын өрхүүд нарны панель тавих нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Бид хиймэл оюун ухааны эрин үед амьдарч байна. Хүмүүс аливаа асуудлыг нэг кноп дараад л шийддэг байхыг хүсдэг болсон. Гэтэл нэг нь түлш аваачиж өгөөд, нөгөө нь түүнийг түлж асаана. Үүнээс болж бохир орчин үүсэж байна, угаартаж байна. Энэ бол орчин үеийн шийдэл биш түр зуурынх учраас нэг мөр ирээдүйд үнэ цэнтэй байх хувилбарт хөрөнгө оруулалтаа хийе гэдэг байр суурин дээрээ бат зогсох болно. Иргэд ч ийм байр суурь илэрхийлж байна. УИХ-ын гишүүд олноороо оролцсон болохоор хууль тогтоох тал дээр дэмжих байх гэж найдаж байна.

Хоёр дугаарт, стандартуудаа шинэчилж байна. Дотоод бохирдолтой холбоотой стандартыг Эрүүл мэндийн яам боловсруулж байна. Гадаад орчин буюу агаарын чанарын стандарт. Гурав дахь нь түлшний стандарт. Дэгдэмхий нь хэд байх юм, хүхрийн хүчил нь хэд байх юм гэдэг дээр ажиллаж байга. Үндэсний хорооноос 3 дугаар сарын нэгэн гэхэд “Тавантолгой түлш” үйлдвэрийг зогсооё гэдэг санал гаргасан. Маш их алдагдалтай ажиллаж байна.

Гуравдугаарт, түлшний асуудал. Гэр хорооллын өрхүүд орон сууцанд орох хүсэлтэй байдаг. Энэ маш чухал. Айлууд орон сууцанд орчих юм бол утааны асуудал бүрэн шийдэгдэх боломжтой. Гэхдээ Э.Бат-Үүл даргын үед эхлүүлсэн дахин төлөвлөлтийн асуудал зогсчихсон.

Тэгэхээр айл бүрийг угаараас хамгаалах асуудлыг шийдвэрлэх нь ойрын хугацаанд шийвэрлэх зорилт. Саяхан нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас бартсан гэсэн мэдээлэл явж байсан.

Нийслэлээс хийсэн судалгаагаар 50 мянган өрхийн зуух шаардлага хангахгүй байна. Гэхдээ өөрсдөө шийдвэрлэх санхүүгийн боломжгүй байна. Мөн дулаалах шаардлагатай 75200 өрх байна. Эдгээр 130 мянга шахам өрхийн асуудлыг шийдвэрлэх нь ойрын хугацааны зорилт.