Э.Ирэхбаяр
Редактор
Нийгэм
2025.02.05 12:26
474
ЕТГ-ын дарга асан Я.Содбаатарын авга эгч Г.Должинсүрэнгийн балаг дуусаагүй

Миний нэг танил барилгын компанитай. Хэдэн жилийн өмнө хамаатных нь эмэгтэйн танилцуулсан нэгэн “баян” хатагтай 100 айлд орон сууцны хороолол барих гэж байгаа гээд хашаан дотор барилгын суурь ухсан газар үзүүлээд, хөрөнгө оруулалт орж иртэл 50 сая төгрөг  зээлээч, чамд ажил өгнө гэж. Ажилтай болох  нь гэж итгэсэн залуу ББСБ-д байраа барьцаалан өнөөх мөнгийг нь гаргаж өгчээ. Томоохон төсөл хэрэгжүүлнэ, өнөө маргаашгүй ажил эхэлнэ гэх барилгын компаний босс хатагтай энэ мэтээр нийт 57 хүнийг хүнийг хууран мэхэлж, 2,3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан аж. Шүүх хурлаас түүнд 8 жил хорих ял оноосон ч хохирогчид нь одоо хүртэл хохирлоо барагдуулж чадаагүй байгаа.

Энэхүү залилагч нь “Өндөр заяа” ХХК-ийн захирал Г.Должинсүрэн, УИХ-ын гишүүн асан Я.Содбаатарын авга эгч гэдэг. Онилсон хохирогчдоо гишүүн дүүгийнхээ нэрийг дурдаж, итгэл үнэмшил төрүүлдэг байсныг хохирогчид хэлдэг. Тэрээр 100 айлын цагаан байр хэмээх хоёр давхар долоон байшинг нурааж, дахин барилга бариад, тэдгээр байшинд амьдарч буй 320 өрхийг шинэ орон сууцанд оруулан, илүү байрыг худалдах төсөл хэрэгжүүлэхээр хотын захиргаанаас зөвшөөрөл авсан “Гэзгийн худаг” ХХК-ийг З.Насанжаргал хэмээх эмэгтэйгээс худалдаж авсан байдаг.  

Харин З.Насанжаргал нь 2010 оноос эхлэн нийт 245 хүнээс хямд орон сууцтай болгоно гээд урьдчилгаа авч 1.8 тэрбум орчим төгрөг, мөн хуучин барилга буулгуулна хэмээн 40 гаруй компаниас 2.6 тэрбум төгрөг мэхлэн авсан. Тэрээр 2015 онд өвчний улмаас нас барснаар шүүхээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 4.4 тэрбум төгрөгийн хохирол амссан дээрх иргэд, ААН-үүд хохироод үлдсэн юм. Компанийг нь авсан Должинсүрэн түүний арга мэхийг хуулбарлаж, залилан мэхлэх үйл хэргийг нь үргэлжлүүлсэн нь тэр буюу. 2016 онд “Гэзгийн худаг” компанийн СБД-ийн 10-р хороонд барилга барих зөвшөөрлийг нь шүүхээс цуцалснаар хэзээ нэгэн цагт барилга баригдвал орон байртай болно, ядаж л өгсөн мөнгөө олоод авчихна хэмээн хүлээж байсан хүмүүсийн эцсийн найдвар унтарсан юм.

100 айлд дахин төлөвлөсөн газар дээр барилга барих нэрийдлээр хоёр ч эмэгтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд ихээхэн хэмжээний хохирол ийн учруулж, нэг нь насан эцэслэж, нөгөө нь хорих ял авсан ч гэлээ өнөөдрийг хүртэл хохирогчдынхоо хохирлыг барагдуулаагүй байна.

Энэ мэтчилэн луйварчид бусдын хѳлсѳѳ урсгаж олсон, насан турш хуримтлуулсан хѳрѳнгийг булааж авахдаа сэтгэл нь огтхон ч ѳвддѳггүй. Олон хүүхдээ арай ядан хоолонд нь хүргэж буй ѳрх толгойлсон эмэгтэй, асрах үр хүүхэдгүй ѳтѳл настан, хѳгжлийн бэрхшээлтэй иргэн гээд хэн байх нь тэдэнд хамаагүй, арганд нь автвал хэнийг ч золиослоход бэлэн байдаг нь аймшигтай.

Жил ирэх тусам залилагчдын арга мэх нарийсаж, авдаг дүн нь өндөрсөж байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 2023 онд 166 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол 2024 онд 76 хувиар өсөж, 293.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Залиланг цахим орчинд үйлдэх байдал хавтгайрч байна. Статистикаас харахад, 2021 онд залилах гэмт хэргийн улмаас нийт 143.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 5.6 тэрбум төгрөгийн хохирол нь цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарч байгаа юм. Гэтэл 2024 онд бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 55-60 орчим хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна.

Уг нь цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс “Ятгах тусам нягтал” гэх мэт аян зохион байгуулж, сэрэмжлүүлэх мэдээ мэдээллийг хангалттай түгээж ирсэн.

Манай иргэд ч гэсэн цахим орчны хэрэглэгч болоод удаж байгаа хэрнээ илтэд худал ташаа мэдээлэлд автах, эрсдэлтэй холбоос дээр дарах зэрэг хариуцлагагүй үйлдэл хийж, мэхлэгчдийн олз болсоор байна. Тухайлбал, нас, мэргэжил, хүйс хамаарахгүй өндөр цалинтай ажилд авна,  бага хүүтэй зээл олгоно, гадаад улс руу зорчих виз гаргаж өгнө гэх мэт зараар хохирогчдоо олзолж, хувийн мэдээллийг нь олж аван, нэг бол олон нийтийн сүлжээн дэх аккаунтад нь нэвтэрч, ойр дотных нь хүмүүсээс мөнгө зээлээч хэмээн авдаг. Эсвэл банкны дансанд нь нэвтэрч гүйлгээ хийдэг. Залуу охид, бүсгүйчүүд бол гоё сайхан залуутай танилцлаа хэмээн хууртагдан, хүсэлтийнх нь дагуу зураг, бичлэгээ илгээх замаар барьцаанд ордог. Хижээл насны эмэгтэйчүүд ч мөн харь эртэй танилцаж, гадагш гарах боломж олдлоо хэмээн баясаж, их хэмжээний хөрөнгө мөнгөөр хохирох явдал бишгүй.

Орон байртай холбоотой залилах гэмт хэрэг ч цөөнгүй гарах болсон. Тухайлбал, өнгөрөгч оны эхний улиралд орон сууцтай холбоотой залилах гэмт хэргийн хохирол 50.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнд олон улсад алдартай “Remax” компаний монгол дахь нэг салбар ч холбогдсон байдаг. Түүнчлэн барилга барина гээд иргэдээс урьдчилгаа төлбөр авчихаад, гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулалгүй, олон жил сунжирч, санхүүгийн алдагдалд оруулдаг, бусдын байрыг түрээсэлчихээд өөрийн байр хэмээн итгүүлж олон хүнд зэрэг зардаг гэх мэт барилга, орон сууцтай холбоотой залилангийн хэргүүд олширч буй.

Залилан мэхлэгчид заримдаа итгэл үнэмшил төрүүлэх үүднээс гэрээгээр өнгөлөн далдлалт хийдэг ч тэрхүү гэрээ нь анхнаасаа дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох заалттай байхад иргэд анзааргагүй, гэнэн байдлаасаа болж гарын үсэг зурж, хохирогч болох замаа засдаг тал ч бий.  

Залилагчид ихэвчлэн цэвэрхэн, ганган хувцаслаж, үнэтэй машин хөлөглөсөн, танил тал ихтэй дүр эсгэсэн эсвэл гэмгүй царайлсан хүмүүс байдаг. Ихэвчлэн хэн хүнд олдохгүй боломжийг зөвхөн чамд өгөх гэж байгаа юм шиг, яг л чиний амьдралыг аврах гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Сайн, сайхан зүйл амласан, чамаар эрсдэлтэй алхам хийлгэх гэж яаруулж, ятгаж байгаа этгээдүүдээс болгоомжил, хүмүүс минь!

2024 оны байдлаар улсын хэмжээнд 35340 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 10300 нь залилах гэмт хэрэг байна. 2023 онд 35574 гэмт хэрэг бүртгэгдсэний 12 985 нь, 2024 онд 44673 гэмт хэрэг бүртгэгдсэний 15 889 нь залилах гэмт хэрэг байна. Эндээс харахад, нийт бүртгэгдсэн гэмт хэргийн дотор хамгийн их буюу 30 орчим хувийг залилан эзэлж, жилээс жилд өсөж иржээ.

Манай Эрүүгийн хууль залилан мэхлэгчдийн толгойг илж, эвийлсээр ирсэн нь энэ төрлийн гэмт хэрэг өсөх үндсэн нөхцөл болж байна гэж үзэж болох. Ихэнх тохиолдолд 450 мянгаас 14 сая төгрөг хүртэл торгууль оногдуулах эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог аж. Хэрэв албан тушаалын байдлаа ашигласан бол мөн бусдад ноцтой, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол 10-40 сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна. Харин байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон мөн олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар эсхүл зохион байгуулалттайгаар үйлдсэн бол таваас арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай. Хамгийн ихдээ л 12 жил хоригдох нь байна.

Хэдэн тэрбум, магадгүй хэдэн их наядаар бусдыг хохироож, хууль бусаар олсон орлогоо “зүсийг нь хувиргаж” хаа нэгтээ нуучихаад, шүүхэд хураалгах хөрөнгө ч үгүй хэмээн хээв нэг сууж, хуулийн цоорхойгоор ял завшиж байдаг, бусдын хөлсийг сорж амьдардаг залилан мэхлэгчдэд хүлээлгэдэг хуулийн хариуцлагыг чангатгахгүй бол энэ төрлийн гэмт хэрэг улам гаарна уу гэхээс буурах юу л бол, эрхэм хууль тогтоогчид оо!