Засгийн газрын энэ өдөр /205.01.05/-ийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ.
Нэгдүгээрт, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал;
Хоёрдугаарт, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур, Хөшигийн хөндий зэрэг чөлөөт бүсийн хөгжлийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрчимжүүлэх төлөвлөгөө;
Гуравдугаарт, эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар, тухайлбал менингоккок өвчний тархалт, эрүүл мэндийн салбараас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн байна.
Шадар сайд С.Амарсайхан: Тархалт хязгаарлагдаж байгаа ч тайвширч болохгүй
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хамгийн сүүлд 2019 онд шинэчлэн найруулсан. Түүнээс хойш нэмэлт, өөрчлөлт оруулаагүй. Стандартын тухай бид байнга ярьдаг ч хэрэгжилт нь хангалтгүй байдаг. Хууль эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатай. Манайд стандартыг сонгон хэрэглэдэг байсан бол одоо нэгэнт сонгосон бол хэрэглэдэг байх хуулийн тогтолцоонд шилжиж байна.
Хоёрдугаарт, стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээнд хяналт тавьдаг байцаагч нарын эрхийг нэмэгдүүлэх; нөгөө талаар импортоор оруулж ирж, зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнд чанар, стандартын баталгаажуулалт хийдэг, хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн нэгдсэн сантай болох, хэрэглээний аюулгүй, найдвартай байдлыг хангах, салбар хоорондын уялдаа холбоог хангах гэх мэт харилцааг зохицуулсан хуулийн төслийг өргөн бариад байна.
Замын-Үүд болон бусад чөлөөт бүсийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл жигдрээгүй байгаа. Тэгвэл энэ жилдээ багтааж, Замын-Үүд чөлөөт бүсийн орц гарцыг нээхээс эхлээд бусад эдийн засгийн чөлөөт бүстэй уялдуулан хөгжүүлэх ажлыг эхлүүлнэ.
Хөшигийн хөндийн чөлөөт бүсийг олон улсын эдийн засаг, санхүүгийн төв болгох, хуурай боомт болгоход шаардлагатай зохион байгуулалтыг хийх талаар Засгийн газрын тэмгдэглэл гарлаа.
Эрүүл мэндийн салбарт үүссэн цахилгаан менингит нийслэлийн БГД, БЗД, Налайх дүүрэгт бүртгэгдээд байгаа. ЭМЯ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд, тэр дундаа ХӨСҮТ-өөс тандалт судалгааг тасралтгүй хийж, зохих арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа.
УОК болон ЭМЯ-ны шуурхай штаб шаардлагатай зохион байгуулалтуудыг хийж ажиллаж байна. Мөн шинжилгээ, оношлогоо хийх ажлуудыг эрчимжүүлж байна. Тархалт тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байгаа гэж байгаа боловч бид тайвширч болохгүй. Гурван настай хүүхэд амь насаа алдлаа. Эмчилгээ хийлгэж байгаа нэг хүүхэд эмнэлгээс гарсан.
Вирусын нянгийн эх үүсвэрийг тогтоох зорилгоор Солонгосын лабораториудад шинжилгээ хийлгэхээр явуулсан, хариуг нь хүлээж байгаа. Одоо илэрч байгаа шинж тэмдгүүд дээр тулгуурлаж ямар вакцин хийх вэ, ямар эмчилгээ хийх вэ гэдэг эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт гараад явж байгаа.
Цаашид шаардлагатай бүх зохион байгулалтыг хийхээс гадна урьдчилан сэргийлэх чиглэл дээр бүх сум, аймаг, дүүрэг, нийслэлийн хэмжээнд хийх ажлын чиглэлийг үүрэг даалгавар болгон өгч байна. Засгийн газарас мөн энэ чиглэл дээр тодорхой үе шаттай арга хэмжээнүүд авахаа танилцуулсан. Шуурхай штаб хуралдаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүд болон бусад татан авалтыг хийх, эрүүл мэндийн байгууллагуудынхаа бааз суурийг бэхжүүлэх шаардлага байна гэж үзэж байгаа гэлээ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: 5-6 жил тутамд менингококк дэгдэж байна
Манай улсад менингококкын халдвар, томоохон дэгдэлт 1972-1974 онд жилдээ 2765 орчим тохиолдол гарч байсан. Үүнээс 285 тохиолдол нь нас барсан. 1992-1994 онд 3084 тохиолдол гарч, 253 нас баралт бүртгэгдэж байсан. 1994-1996 онд хоёроос 18 насны хүүхэд 98 хувьтай вакцинжуулалтад хамрагдсанаас хойш 300 өвчлөл, нас барсан 40 тохиолдол бүртгэгдсэн байна.
2000 оноос хойш тогтмол буурч ирсэн ч жил бүр тодорхой хэмжээгээр гарч байгаа. Тухайлбал, 2007 онд 167 хүн, 2013 онд 40 хүн, 2019 онд 20 хүн өвчилсөн. Үечлэлийг харахад, 5-6 жил тутамд энэ өвчний дэгдэлт гарч байна.
Математик загварчлалын тооцооллоор 2023, 2024 онд энэ өвчин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан байдаг.