ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдож Украины дайны асуудлаар ярилцлаа хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп New York Post сонинд ярилцлага өгөхдөө онцлов. Гэхдээ хэзээ ингэж утсаар ярьснаа хэлсэнгүй. “Та хоёр хэдэн удаа утсаар ярилцсан бэ” хэмээн асуухад Трамп “Энэ талаар дуугүй байсан нь дээр” хэмээн хариулжээ. Харин Путин “Хүмүүс битгий үхэж үрэгдээсэй гэж Трамп хүсэж байна” хэмээн мэдэгдэв.
Цагаан ордны тэргүүн “Дайныг дуусгах нарийн төлөвлөгөө надад байна. Украины дайныг хурдан дуусгаж чадна гэж найдаж байгаа. Тэд (Путин, Зеленский) уулзаж ярилцахыг хүсэж байгааг хэлэх хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Энэ долоо хоногт Мюнхенд болох аюулгүй байдлын бага хурал дээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жейди Ванс Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахаар болжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хоёр Ерөнхийлөгч утсаар холбогдсон талаар “Гоц гойд юм яриагүй. АНУ-ын лидер манай эсрэг хориг арга хэмжээ авах тухай сануулсан. Угаасаа тэдний арга барил ийм” хэмээн сэтгүүлчдэд ярилаа. Ямар ч байсан Орос, Америкийн лидерүүд утсаар холбогдож Украины асуудлаар санал солилцсон нь нэг том дэвшил хэмээн хэвлэлүүд онцлон тэмдэглэж байна.