Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.02.10 11:27
1728
Ц.Туваан: Нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам долларт хүргэх том зорилго тавьсан

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн “Гашуунсухайт- Ганц мод” боомтын хил холболтын ажил ямар шатандаа яваа вэ? Удахгүй хоёр улсын Засгийн газар гэрээг үзэглэнэ гэж сонссон.

14 мега төслийн нэгдүгээрт “Ганцмод- Гашуунсухайт” боомтын хил холболтын ажил эрэмбэлэгдсэн. Үүнийг дагаж холбогдох төмөр замын боомтууд бий.

Маш удаан гацсан төсөл өнөөдөр ч гэсэн саад бэрхшээлтэй тулгарч байна. Гэхдээ хоёрдугаар сарын 14-нд хоёр улсын Ерөнхий сайдууд уулзах үеэр Засгийн газар хоорондын хэлэлцээр зурагдана. Монголын талаас Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан бид хоёр, БНХАУ-ын талаас Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооны дарга гарын үсэг зурснаар хэлэлцээр албажна. Үүний дараа УИХ-аар соёрхон батлагдах ёстой.

-Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын ажил хийгдсэнээр Монгол улсын эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ?

Өнөөдрийн байдлаар Монгол улс төмөр зам болон авто замаар нийтдээ 83 сая тонн нүүрс болон бусад барааг экспортолсон. Логистикийн эх үүсвэрээ нэмэгдүүлэхгүй л бол энэ тоо нэмэгдэх ямар ч боломжгүй. Тэгэхээр Гашуунсухайт- Ганцмод боомтын хил холболтын төмөр зам цаашлаад Шивээхүрэн-Сэхээ боомт, Ханги мандал, Бичигт зүүн хатавч гээд боомтын ажил хийгдээд явна.

Гашуунсухайт- Ганцмод боомтоор 30 сая тонн, бусад боомтуудаар 10,10 сая тонн нэмэгдэнэ.

Засгийн газар 2030 он гэхэд 160 саяас доошгүй тонн эрдэс баялгийг экспортод гаргана гэсэн тооцоололтой байгаа. Тэгэхээр өнөөдрийнхөөс нэг дахин нэмэгдсэн үр дүн гарна гэсэн үг. Ингэснээр 2019 онд батлагдсан үндсэн хууль, үүнийг дагаж батлагдсан үндэсний баялгийн  сангийн тухай хууль, хуримтлалын сан мөнгөжих ажил өснө.

Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнийг хоёр дахин нэмэгдүүлэх, үүн дотроо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам долларт хүргэх том зорилго тавьсан.

-Саяхан Оранагийн гэрээг үзэглэлээ. Гэрээний тухай мэдээлэл өгөөч?

Бид нар гадныхны шоолдгоор алтан дээр суусан гуйлгачин баймааргүй байна. Яагаад бид нар дэлхийн хөгжлөөс тээр хол хоцорсон утаа, түгжрэл, ядуурал, хавдартайгаа зууралдсаар байх ёстой юм. Үүнээс салахын тулд бид эдийн засгийн чадавхаа сайжруулах ёстой. Дотоодын нийт бүтээгдэхүүнээ огцом өсгөх ёстой. Үүний тулд хамтарсан засгийн газар олон эх үүсвэрээс орлого олохоор ажиллаж байна.

Гуравдагч оронтой байгуулж байгаа хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ нь Оранагийн гэрээ. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд 5,1 тэрбум долларын төсөл, жилдээ 160 гаруй сая долларыг манай улсад оруулах төсөл. Үүнээс орж байгаа хөрөнгө оруулалт шууд баялгийн санд төвлөрнө.

Мэдээж уран өөрөө цацраг идэвхт ашигт малтмал. Тийм учраас нарийн технологи мөрдөж ашиглах ёстой. Бид хоорондоо хэрэлдсээр байхад 20 жилийн өмнө бидэнтэй нэг гараанаас эхэлсэн Казакстан улс өнөөдөр хөгжил дэвшлээрээ өндөрт явж байна.

- Оюу толгойн гэрээгээр 34 хувийг төр эзэмшдэг бол энэ гэрээн дээр өсөн нэмэгдэх АМНАТ бодогдоно шүү дээ.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурван янз бий. Суурь АМНАТ, тусгай АМНАТ, өсөн нэмэгдэх АМНАТ.

34 хувийг төр эзэмшсэнээр тухайн төслийг явуулахад өөрсдөө мөнгө гаргах хэрэгтэй болно. Оюу толгойн гэрээний хамгийн хүндрэл үүсгэсэн тал нь энэ гэж боддог. Төр тэр хэмжээний мөнгийг гаргана гэсэн үг. Тэр мөнгө бидэнд байхгүй учраас зээлнэ. Зээлийн хүү бодогдоно. Зээлээ төлж дуусгана гэсээр хамаг хугацаа өнгөрч байгаа. Тэгэхээр бид арай өөр зам сонгосон.

34 хувийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг 10 хувийн давуу эрхийн хувьцаа хүртэл бууруулаад энэ дүнгээ тусгай АМНАТ-руу шилжүүлснээр бүтээгдэхүүн гарч эхлээд шууд үр ашгаа хүртэх боломж нээгдэнэ.

-Нийт ажилчдын 90 хувь нь монгол ажилчид байна гэсэн. Ажиллах хүчин хэр байгаа вэ?

Энэ том асуудал байгаа. Үйлдвэрлэлээ өргөжүүлье, эдийн засгаа тэлье гэхээр манайд гурван том гацаа бий.

Нэгдүгээрт, Эрчим хүчний гацаа

Хоёрдугаарт, Усны асуудал

Гуравдугаарт, Хүний нөөцийн асуудал байдаг. Улс хүний нөөцөө бэлдэх ёстой. Сайн муу хэлүүлдэг Оюу толгой дээр монгол ажилчид сайн бэлтгэгдэж, ажиллаж байгаа.

-Гуравдагч оронтой хийж байгаа бас нэгэн хэлэлцээр бол Газрын тосны үйлдвэр барих ажил. Ямар үр өгөөжтэй вэ?

Аливаа томоохон төсөлд шууд болон дам нөлөө гэж бий. Монгол улс дайнтай байгаа хойд хөршөөс 96 хувийн нефтийн бүтээгдэхүүн авдаг. Ямар ч улс орон үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйлсээ олон эх үүсвэрээс авдаг. Манайд тийм боломж байхгүй учраас дотооддоо тунгалаг нефт бүтээгдэхүүн үйлдвэрлэх чухал.

Манай улс жилдээ 1,9 тэрбум долларыг нефт бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулдаг. Энэ үйлдвэр ашиглалтад орвол 1 тэрбум орчим доллар дотооддоо үлдэнэ. Мөн ажиллах хүч нэмэгдэнэ.

-Томоохон төслүүд хөдлөөд эхлэхээр олон эсэргүүцэлтэй нүүр тулж байх шиг байна. Хамтарсан засгийн газрыг тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах акцыг танай намын гишүүн өрнүүлж байна. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

Судалгаанаас харахад ард иргэд гацалтад дургүй байна. Төслүүдээ хөдөлгөөсэй гэсэн байр суурь дээр 60,70 хувь нь байна. Үүний нөгөө талд эсэргүүцэж байгаа хүмүүс бий. Энд ямар нэгэн хүмүүсийн зөрчигдөж байгаа эрх ашиг бий. Гацаах сонирхол байгаа.

Гацааж байгаад өөрсдийнхөө эрх ашгийг явуулах сонирхол байгаа гэдгийг гуравдугаар ангийн хүүхэд ч мэдэхээр үнэртэж байна даа.

-Монголын уурхайчдын эрх ашгийг Хятадын уурхайчид зөрчөөд байгаа юм уу? Та уурхайчидтай уулзсан уу?

Уурхайчдын шаардлагыг манай яамны төлөөлөл хүлээж авсан. Би үүнийг шийдэхийн төлөө явна. Энэ бол өөрсдийн эрх ашгийн төлөө дугарсан маш эрүүл жагсаал. Энэ асуудлыг шийдэх тал дээр компаниудтай яриад ажиллаж байгаа. Энэ эрүүл тэмцэл, нөгөө захиалгат тэмцэл хоёр ондоо шүү гэдгийг хэлье.

Шууд дамжуулалтыг үзэх: