Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.02.10 19:08
1065
Эд Шираныг Энэтхэгийн цагдаа саатуулжээ

Грэммийн дөрвөн удаагийн шагналт Британийн дуучин Эд Ширан Энэтхэгийн гудамжинд амьд тоглолт хийж байхад цагдаа ирж тоглолтыг нь тасалдуулжээ. Түүнийг гудамжинд дуулах зөвшөөрөлгүй хэмээн саатуулсан байна. Эд Ширан шоу, аялан тоглолтоор Энэтхэгийн өмнөд хэсгийн Бангалор хотод ирээд байгаа бөгөөд зарим дуугаа гудамжинд амьдаар дуулахаар хотын Church Street-д ирээд байсан аж. 
Гэвч түүнийг “Shape of You” дуугаа дуулж байхад нэг цагдаа ирж гитар, микрофон залгуурыг нь салгаж байгаа дүр зураг сошл сүлжээгээр таржээ.

Цагдаагийн газраас Эд Шираныг тэр гудамжинд дуулж болохгүй хэмээн урьдчилан анхааруулсан байсан ч тэрээр сануулгыг үл тоон гудамжинд тоглолтоо сонирхуулсан бололтой. Иргэдийн мэдээллээр тэр даруй ирсэн цагдаа тоглолтыг зогсоож Шираныг хөөжээ. “Church Street бол маш их хүн холхидог гудамж. Хүний зам хааж тоглохыг бид зөвшөөрөхгүй” хэмээн цагдаагийн газраас зарлав. Тэрээр “Mathematics” түүхэн аялан тоглолтоо Бутанд хийхээр болоод байгаа. Өрнөдийн дуучдаас Бутанд тоглолтоо хийж байгаа анхны дуучин нь тэр болж байгаа аж.