Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.02.12 09:48
612
Хятадууд хуванцарыг хулсаар сольж байна

Хулсны хөрвөх чадварыг хятадууд эртнээс таниж, ХI зуунаас эхлэн энэхүү аварга модлог өвсийг хоол хүнс, тээвэр, гэр ахуйдаа ашиглаж, хулсаар цаас, багаж хэрэгсэл, зэвсэг хүртэл үйлдвэрлэж иржээ. Хятад улс 7.01 сая га хулсан ойтой, хулсан бүтээгдэхүүний экспортоор дэлхийд тэргүүлдэг. Ирландын газар нутагтай тэнцэхүйц хэмжээтэй газарт хулс ургаж байна.
Дэлхий даяар жил бүр 400 сая метр тн хуванцар хаягдал үүсдэг бол, хөрвөх чадвартай, олон талын ашигтай, байгаль орчинд ээлтэй хулс хуванцарыг орлох хандлагатай болж иржээ. Хятадын Жэйжиан, Фужиан, Сичуань, Гуандон, Аньхуй муж хуванцарыг хулсаар орлуулах үйл явцыг манлайлж байна. Жэйжиан мужийн Анжи гүнлэгт нэг удаагийн хоолны сав, сойз, сам, гэр ахуйн хэрэгсэл гээд хэд хэдэн бүтээгдэхүүнийг зөвхөн хулсаар хийдэг болжээ. Анжи нь 666 км кв буюу Нью-Йорк хотын эдэлбэр газрын 80 хувьтай тэнцэхүйц хулсан ойтой. Хулсны хэрэглээний арвин түүхтэй, хуванцарыг хулсаар орлуулах үйл явцыг тэргүүлж яваа нутаг юм. 
Хятад улс хуванцарыг хулсаар орлуулах үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөг 2023 онд баталж, Анжи гүнлэгийг жишиг бааз, суурь болгосон аж. Анжи нутгийн хулсыг шинэлэг хэлбэрээр ашиглах төслийн менежер Бай Сиа “2022 оноос хойш орон нутгийн ресторан, хоолны газруудад зөвхөн хулсан тэвш, тавиур хэрэглэх болсон” хэмээн ярилаа.