“Израиль улс гал зогсоох тохиролцоогоо мөрдөж чадалгүй зөрчсөн тул энэ долоо хоногийн сүүлчээр суллахаар төлөвлөж байсан гурван израилийг чөлөөлөхгүй” хэмээн Хамас бүлэг даваа гаригт мэдэгджээ. Үүний дараа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хариу мэдэгдэл хийж, хагас сайн өдрийн үд дунд гэхэд барьцааны гурван хүнийг суллахгүй бол Израилийн арми Хамас бүлгийг бүрэн устгах ажиллагаандаа эргэж орно хэмээн анхаарууллаа.
Нэгдүгээр сарын 19-нөөс хойш Израилийн 16 иргэн барьцаанаас суллагдаж, хариуд нь хэдэн зуун палестиныг Израилийн шоронгоос сулласан. Хамас бүлэг мөн Тайландын таван иргэнийг суллаж явуулаад байна. Гал зогсоох тохиролцооны эхний үе шатанд дахиад 17 израилийг суллах ёстой. Барьцаанд байсан найман хүн амиа алдсан нь тодорхой болжээ.