Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.02.12 17:08
942
Газар нутгаа харилцан солилцох саналыг В.Зеленский дэвшүүлэв

 

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “нухацтай яриа хэлэлцээ” хийж, Оростой газар нутгаараа солилцоо хийхэд бэлэн байна гэж хэллээ хэмээн Британийн Guardian сонин өнөөдрийн дугаартаа мэдээлэв. Тэрээр ирэх баасан гаригт Мюнхенд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэйди Ванстай уулзахаар бэлтгэж байна. “Нэг газар нутгийг нөгөө газар нутгаар харилцан солилцож болно” хэмээн Украины лидер ярьжээ. Зеленский Оросын Курск мужаас цэргээ татаж, 2022 оны хоёрдугаар сараас хойш оросуудад эзлэгдсэн газар нутгаа буцааж авах тухай ярьсан бололтой. Вашингтон, Москва хоёр байр сууриа ойртуулж байгаа цаг үед Киевийн лидер ийнхүү мэдэгджээ. Орос, Америкийн тал хоригдлуудыг харилцан солилцохоор тохиролцож, 2021 онд Орост баривчлагдан хоригдож байсан АНУ-ын 63 настай иргэн Марк Фогел суллагдаж нутагтаа очжээ. “Орос улс бидэнд маш сайн хандлаа. Энэ хандлага нь дайныг дуусгах харилцааны эхлэл байгаасай гэж хүсч байна” хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп хэлжээ.