"Монголын Эдийн Засгийн Форум" Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хүнсчдийн холбоо, МҮХАҮТ-аас ирэх хавар хэлэлцэх татварын багц хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл хийлээ.
Хурлын үеэр "Бид өнөөдөр ОРЛОГООСОО нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) сар тутам 10 хувь, нийслэл хотын албан татвар (НХАТ) улирал тутам 2 хувь, АШГААСАА орлогын албан татвар (ААНОАТ) улирал болон хагас жил тутам 10-25 хувь, Үл хөдлөх хөрөнгийн татвар 1-2 хувь, ажилтны ЦАЛИНГААС нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) сар тутам ажил олгогчоос 12.5-14.5 хувь болон ажилтнаас 11.5 хувь, цалин хөлстэй адилтгах орлогоос (ХХОАТ) сар бүр 10-20 хувь тус тус төлж байна.
Бизнес эрхлэхэд саад болж буй өөр нэг хүчин зүйл бол төрөөс олгодог зөвшөөрлийг авахад тоймгүй их бичиг баримт шаардаж, олон арван шат дамжлагыг дамжиж 100 хүртэл хоног хүлээх шаардлага үүсгэдэг гаж тогтолцоо бий болсон. Зөвшөөрлийн тухай хуульд нийт 372 зөвшөөрөл, үүнээс 251 нь тусгай, 121 нь энгийн зөвшөөрөл байгаагаас Байгаль орчны чиглэлээр 9 баримт бичиг, 42 шат дамжлагыг 22 хоногт, Соёл боловсролын чиглэлээр 20 баримт бичиг, 80 шат дамжлагыг 58 хоногт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 19 баримт бичиг, 138 шат дамжлагыг 60 хоногт, Эрүүл мэндийн чиглэлээр 33 баримт бичиг, 126 шат дамжлагыг 40 хоногт шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Иймд Зөвшөөрлийн тухай хууль болон Татварын гол хуулиудад онцгой анхаарал хандуулж, эдийн засгийн макро өсөлтийн үед бий болох амжилтаа микро эдийн засагт буюу хувь хүн, ААН, нийт бизнес эрхлэгчдэдээ хүртээхийн төлөө цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэхэд үнэтэй санал санаачилгыг гаргахыг НИЙТ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙНХЭЭ ӨМНӨӨС УРИАЛЖ БАЙНА" гэлээ.
Ард санхүүгийн нэгдлийн үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг: ХХОАТ-ыг тэгшхэн 10 хувь болговол бид ажилчдынхаа цалинг нэмж, бодитоор иргэдийнхээ амьжиргааг дэмжинэ
-Татварын аятай тухтай , нам доогуур орчинд байдаггүй шүү дээ. НӨАТ, ХХОАТ, орлогын албан татвар арван хувь байна гэж байсан нь өнөөдөр тийм биш болсон. Өнөөдөр бизнес эрхлэгчид хууль ёсны дагуу учирч байгаа зардлаа татвар ногдуулахгүй хэмээн баталж чадахаа байсан. Бүх төрлийн зардал дээр НДШ тооцдог, нөгөө талдаа гааль дээр асуудал ужгирсан. Өөрчлөлтийг хийхдээ хувь хэмжээн дээрээс гэхээс илүү хуульд заасан татварын хэмжээгээрээ авдаг болоод дунд нь байгаа нугалаа , шат дамжлагуудыг басгах, хүнд суртлыг багасгах, дарга нарын үзэмжээр торгууль татвар ногдуулдаг байдлыг халах хэрэгтэй гээд байгаа юм. Хэрвээ компанид аливаа маргаан үүсвэл маргаанаа хараат бус арбитраар маргаанаа шийдвэрлүүлдэг болъё. Өнөөдөр тэгш шударга байдлаар нээлттэй ойлгомжтой байдлаар тогтолцоогоо өөрчилье гэж байгаа юм.
Зургаан тэрбум төгрөг хүртэлх ашигтай компани арван хувь, түүнээс давсан нь 25 хувийн татвар төлж байгаа. Гэтэл том компаниудын хувьд зургаан тэрбум төгрөг бага болсон. Үүнийг 100 тэрбум төгрөг болгоё.
Хувь хүний орлогын албан татвар орлогоос хамаарч 20 хувь байгааг тэгшхэн 10 хувь болгочихвол бизнесүүд цалингаа нэмж, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулна.
"Сүү" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: Дотоодын үйлдвэрлэгчдээ тавхан хувийн татвараар хамгаалж байна
-Орлогын албан татварыг 0 болгоод, татваргүй бүс болгох хэрэгтэй. Тэгж байж алслагдсан, цоожлогдсон орчныг хөдөлгөж, бизнесийн орчноо таатай болгоно. Хүн мөнгө олох, бизнес хийхийг нь чөлөөтэй болгоод татвар авахаа болиулчихъя. Орлогын албан татвараас 2023 оны байдлаар 6 их наяд төгрөгийн татвар цугладаг юм билээ. Энэ мөнгийг эргүүлээд импортын барааны албан татвараас нөхөх боломжтой. Одоогийн байдлаар импортын барааны татвар 5 хувь байгаа.
2017 онд хүнсний таван нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалахын тулд импортын татварыг 15 хувь болгосон. Мах, сүү, өндөг гэхчилэн таван нэр төрлөөр эхэлсэн энэ бодлого өнөөдөр зургаан нэр төрөл болж, дотоодын энэ чиглэлийн үйлдвэрүүд хөгжих боломж өгсөн. Сүүний салбарт гэхэд импортын шар сүү дэлгүүрийн лангуур дээр битүү өрөөтэй байдаг байсан бол одоо дотоодын үйлдвэрийн сүү битүү өрөөтэй байгаа.
Үүний ижил арга хэмжээ авах буюу орлогын албан татвараа тэглээд оронд нь импортын барааны татварын 15 хувь болгочих. Дубай өөрөө энэ зарчмаар явдаг. Татварыг цогцоор нь өөрчлөх, тохируулга хийх шаардлага байгаа.