Цахим мөрийтэй тоглоомын хяналтыг чангатгах хүрээнд 1XBET-тэй холбоотой болон бусад 6000 гаруй домайныг хаасан тухай ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлсэн. Гэвч хууль бус үйл ажиллагаа шинэ домайнаар үргэлжилсээр байгаа учир асуудлыг бүрэн шийдэх хууль эрхзүйн зохицуулалтыг боловсруулжээ.
Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, эдийн засгийн гэмт хэргийн хохирогчийн 9.2 хувийг 18-29 насны бүлэг, 47.7 хувийг 30-39 насны бүлэг, 24.6 хувийг 40-49 насны бүлэг эзэлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 240.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 23.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт цахим болон цахим бус хэлбэрээр хууль бусаар мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах замаар мөнгө угаах, бусдыг залилах, татвар төлөхөөс зайлсхийх зэргээр эдийн засгийн гэмт хэргүүд ихээр үйлдэгдэж, сүүлийн 3 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан Мөрийтэй тоглоом зохион байгуулах зүйл ангиар 669 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 200 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай явуулж, 104 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.
Монгол улсад давхардсан тоогоор сүүлийн 3 жилийн хугацаанд хууль бус мөрийтэй тоглоомын 350-450 орчим сайт үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Зөвшөөрлийн тухай хуульд заасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Темп партнерс” ХХК, “Эн Зэт Жи Эм” ХХК, “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК-д олгож, олон улсад бооцоот тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1XBET сайт нь одоогоор тусгай зөвшөөрөлгүй байна. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 1XBET сайтаар дамжуулан гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах гол хэрэгсэл болж, залилах гэмт хэрэг, хар тамхи, мөрийтэй тоглоом, кибер гэмт хэрэг, авлига албан тушаалын гэмт хэргийн замаар олсон мөнгийг угааж байгаа нөхцөл байдал тогтоогдсон байна.
Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Арабын Нэгдсэн Эмират, Хонг Конг зэрэг улсуудад бүртгэлтэй хуулийн этгээдээр дамжуулан Монгол улсад бүртгэлтэй нэр бүхий аж ахуй нэгжтэй 6.000-77.000 доллар хүртэлх гэрээ байгуулж 1XBET-ээс манай улсруу зар сурталчилгааны зорилгоор 3,345,468,075 төгрөг буюу 976,779 ам.доллар шилжиж ирсэн хэдий ч манай улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар гадаад улсруу шилжсэн байна.
Энэ мөнгөн шилжүүлгийг 1XBET-тэй гэрээ байгуулан, мөнгөн шилжүүлгийн 2-5 хувийг шимтгэлд авч, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулахад өөрийн төлбөр тооцооны данс, гар утасны дугаар, цахим хаягийг ашиглуулан идэвхтэй дэмжлэг үзүүлж ажилладаг 110 гаруй “агент”-аар дамжиж гарсан тоон мэдээ байна.
Иймд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, магадлалыг урьдчилан тооцоолж үр дүнг таамаглах боломжтой спортын бооцоот тааврын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож, харин спортын бооцоот таавраас бусад бооцоот таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг хориглох талаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаж, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зохицуулжээ. Мөн мөрийтэй тоглоом болон хууль бус бооцоот таавар, тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлж өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс, цахим мөнгө худалдах, худалдан авах бирж, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага болон Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулж, төлбөрт таавар, бооцоот таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилахыг хориглож, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, мөрийтэй тоглоом тоглосон этгээдэд нэг зуун мянган төгрөгийн торгууль ноогдуулдаг зөрчлийн шийтгэлийг чангатгахаар, Банкны тухай хуульд нэмэлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасны дагуу хойшлуулшгүй ажиллагааг яаралтай зохион байгуулж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянадаг байхаар тусгасан тухай ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.
Шууд дамжуулалтыг үзэх: