Австралийн зүүн талын Номхон далайн ус дошгирч, далайн хар шуурга ойртож буйг илтгэн хүчтэй давалгаалж эхэлжээ. “Альфред” хэмээх тропикийн далайн хар шуурга Австрали руу ойртож, өнөөдөр Ногоон тивийн томоохон хотуудын нэг Брисбенд орж ирж байна. Энэ далайн шуурга, аадар бороо 300 км/цаг хурдтай орж ирнэ хэмээн анхааруулж, аюулаас сэргийлэх арга хэмжээг авч байна.
Брисбен хотод 20 мянган байшин барилга усанд, үерт автах эрсдэлтэй гэсэн сануулга авч, иргэд элс, шуудайгаар далан босгожээ. Куинсланд, Шинэ Уэльс мужийн нийт дөрвөн сая оршин суугч далайн шуурганд өртөж болзошгүй байгааг эрх баригчид анхааруулав. 700 гаруй сургуулийг хааж, нислэгүүд, спортын арга хэмжээг цуцалжээ. Ард иргэдийг яаралтай нүүх, шилжин суурьшихад бэлэн байхыг анхааруулжээ. “Альфред” шуурганы түрүүч зарим хотод орж ирж, гэрэл цахилгаан тасраад байна.