Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони НАТО-гийн 5-р заалтыг Украин дээр хэрэгжүүлж Киевийг эвсэлд нэгдэх замыг нээх санал дэвшүүллээ. Энэ алхам нь Украинд найдвартай аюулгүй байдлын баталгаа болж, тус улсад эхнийг сахиулагчдыг оруулахаас илүү үр дүнтэй арга хэмжээ болно хэмээн тэрээр үзэж байна. Брюссельд Европын холбооны дээд хэмжээний уулзалт болж, Украинд зэвсэг нийлүүлэх, эдийн засгийн тусламж үзүүлэх, Орос-Украины дайныг зохицуулах урт хугацааны стратегийг хэлэлцжээ.
Умард Атлантын цэргийн эвслийн 5-р заалт гэдэг нь эвслийн аль нэг гишүүн орон халдлагад өртсөн тохиолдолд нийтээрээ, эвслээрээ хариу цохилт өгөх боломжийг нээж өгдөг. Мелони Украиныг НАТО-д элсүүлэх асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй хэмээн үзэж байна. Одоогийн нөхцөл байдал Украин улсыг эвсэлд нэгтгэхгүйгээр хамгаалах стандарт бус шийдвэр гаргахыг шаардаж байгааг Италийн Ерөнхий сайд онцлон анхааруулав.
“Украиныг зүгээр л НАТО-д элсүүлэх асуудал биш. НАТО-гийн гишүүн орнууд эдлэдэг эрх, баталгааг Украинд олгох хэрэгтэй. Тэгвэл бусад ямар ч арга замаас илүүтэй тогтвортой, урт настай баталгаа болж өгнө. Бид энэ талаар ярилцаж байна. НАТО-гийн хүрээнд чанд, хатуу баталгаа гаргаж өгөх нь шударга ёсонд нийцнэ. Украинд энхийг сахиулагчдыг оруулах нь тийм ч оновчтой шийдэл биш” хэмээн Жоржиа Мелони ярилаа. Европын аюулгүй байдлын системийг бэхжүүлэхийг Итали улс дэмжиж байгаа ч дайн, байлдааны бүсэд цэргээ илгээхэд бэлэн бус байна.
Их Британи, Франц тэргүүтэй Европын орнууд “Europe-plus” хэмээх төлөвлөгөө боловсруулж АНУ-д танилцуулахаар болсон. Украинд энхийг сахиулагчдыг оруулах, аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх асуудлыг голлон тусгажээ. Гэвч Европын орнууд энэ асуудлаар нэгдсэн байр сууринд хүрээгүй, хэлэлцэж маргалдсан хэвээр байна.
Украины газар нутаг дээр олон улсын энхийг сахиулагч цэрэг оруулахыг Москва дэмжихгүй байгаа. Өрнөдийн орнууд Украинд энхийг сахиулагч 100 мянган цэрэг оруулахаар зэхэж байгаа тухай мэдээлэл гарч байсан. Мөргөлдөөнд оролцогч талууд бүгд тохиролцож, зөвшөөрсөн тохиолдолд л энхийг сахиулагчдыг оруулах асуудлыг ярилцаж болно, одоо энэ талаар ярих нь эртэдсэн хэрэг хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Дмитрий Песков ярьжээ.