Улс орон хөгжиж, хотуудын хүн ам, барилга байшин нэмэгдэхийн хэрээр автозам дээрх түгжрэлийн асуудал гарч ирдэг. Дэлхийн том хотууд түгжрэлийг арилгах, шийдэх гэж арга зам хайж, хууль дүрэм боловсруулсаар иржээ. Хөгжингүй, хөгжиж буй орнуудын том хотууд түгжрэлтэй хэвээр, асуудлыг шийдэх гэж янз бүрийн арга хэмжээ авч, үр дүнд хүрч байгаа нь бий. Жишээ нь, Их Британийн Ковентри, Вест Мидланд гүнлэгт автомашины хэрэглээнээс татгалзсан иргэнд 3.000 паундын урамшуулал олгож эхэлжээ. Энэ арга хэмжээ үр дүнгээ өгвөл улс орон даяар хэрэгжүүлэхээр зэхэж байна.
Норвегийн хамгийн их хүн амтай Осло хот түгжрэлтэй тэмцэх өвөрмөц арга сэдэж, хот доторх, гудамж доторх авто зогсоолыг бүгдийг байхгүй болгосон байна. Түгжрэл үүсгэн явж байгаа автомашинуудын ихэнх нь зогсоол хайн эргэлдэж байдаг аж. Зогсоол байхгүй бол тэд Ослогийн гудамжаар эргэлдэхгүй. Асуудлыг ингэж шийджээ.
Люксембург улс нийтийн тээврийг үнэгүй болгох замаар түгжрэлийг шийдсэн аж. Нэг кв км газар 233 хүн ногддог тус улс нэг хүнд ногдох автомашины тоогоор Европтоо тэргүүлдэг. 2020 оноос эхлэн бүх иргэндээ нийтийн тээврийг үнэгүй болгосноор түгжрэл эрс багасчээ.
Нью-Йорк хот түгжрэлтэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд хэрэглээнээс гараад байсан трамвайг дахин ашиглахаар болжээ. Метроны шугам байхгүй Куинс-Бруклины хооронд трамвай явуулахаар болж, өдөр бүр 50 мянган зорчигч тээвэрлэнэ хэмээн тооцоолсон байна.
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот түгжрэлийг шийдэхийн тулд 2002 онд Сонгдо хэмээх дагуул хотыг 35 тэрбум долларын өртгөөр байгуулж эхэлсэн юм. Сонгдо хотод шатахуун түгээх станц, дотоод шаталтат автомашин байхгүй. Сонгдо нь автомашиныг тээврийн хэрэгслийн тооноос хассан дэлхийн анхны ухаалаг хот болох аж.
Түгжрэл яаж үүсдэг вэ? Автомашины тоо нэмэгдэх, муу дэд бүтэц, ядуухан хот муу төлөвлөлтөөс үүддэг.
Түгжрэлийг яаж шийдэх вэ? Нийтийн тээвэрт хөрөнгө оруулах, гэрлэн дохионы ажиллагааг сайжруулж, уулзвар нэвтрэх боломжийг зөв тооцоолох. Такси “гуялах”, замаас авах, суулгах системийг хөгжүүлэх. Унадаг дугуйн дэд бүтцийг сайжруулах. Түгжрэлийн апп ашиглаж түгжрэл багатай замыг сонгох. Оргил цагаар жолоо барихаас зайлсхийх. Замын хөдөлгөөний хууль дүрмийг сахих.