Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.03.13 14:21
911
С.Цэнгүүн: Цахилгааны үнийг үе шаттайгаар өртөгт нийцүүлэхийг би байнга сануулж байсан
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн эрчим хүчний реформ хийх асуудлыг хөндөж, эрчим хүчний хорооны гишүүний хувиар үнийн өөрчлөлт тал дээр ч дуу хоолойгоо нэлээдгүй хүргэж явсан. Тэрээр, "Цахилгааны үнийг нэмснээр дулаанаа халаалтаар шийдсэн айл өрхүүдэд хүнд тусаж байгаа гомдол ихээр ирж байна. Иймд Эрчим хүчний зохицуулах хороо руу хүсэлт явууллаа" хэмээн өмнө нь мэдээлж байсан юм. Тэгвэл уг асуудал шийдлийн талаар мэдээлэл өглөө.
 
 
 
С.Цэнгүүн: "Нэлээд ажиглаж хүлээлээ. Эрчим хүчний реформ дан ганц үнэ нэмэх эсвэл шинэ эх үүсвэр барих асуудал биш. Олон удаа энэ үгийг хэлж байгаа. Үүнд зах зээлийн загварчлал, бүтцийн өөрчлөлт, либералчилал, хууль эрхзүй, техник технологийн шинэчлэлт, автоматжуулалт зэрэг багтана. Гурван сарын хугацаанд Эрчим хүчний яамыг хангалттай хүлээлээ. Гарын үсэг зуран шийдэл гаргаж, хөдлөх эрхтэй албан тушаалтнууд нь хөдөлсөнгүй.
 
Үнэ тариф өөрчлөгдөж, анхны төлбөр гарч эхлэх үед иргэдээс ирсэн гомдол саналын дагуу Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС-ний мэргэжилтэнгүүдийг оролцуулсан шуурхай хурлыг 1 сарын 22-нд зохион зохион байгуулж, шатлалтай тариф тогтоосон шийдвэрээ эргэн харах саналыг ЭХЗХ-д тавьсан.
 
Мөн нийслэлийн гэр хорооллын цахилгаанаар халаалтаа шийдсэн 3-р шатлалын хэрэглэгчид буюу өндөр хэрэглээтэй ангилалд багтсан 63306 айл өрхийн асуудлыг шийдвэрлэх саналыг уламжилсан. Үүний дараа ЭХЗХ-ны шөнийн тариф тооцох хугацааг уртасгасан тухай 2 сард гаргасан шийдвэр нь ч бодит шийдэл болж чадаагүй.
 
Эрчим хүчний реформ хийгдэх ёстой гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа ч арга барилын хувьд маш их ялгаа гарч байна.
 
- Үнэ тарифыг огцом биш аажмаар үе шаттайгаар өртөгт нийцүүлэх замаар, индексжүүлэн хөвөгч үнийг тогтоох ёстой гэсэн байр суурийг би байнга илэрхийлж, сануулж байв. Үүний тулд шинэ эх үүсвэрүүдээ яаралтай ашиглалтанд оруулах шаардлагатай. Чадлын дутагдлыг арилгаж, илүүдэл нөөц буй болгосноор үнэ тариф өрсөлдөөнөөр буурах зах зээлийн зарчимтай.
 
- Шинэ эх үүсвэрүүдийн хувьд урт хугацааны, том хөрөнгө оруулалт шаардагдах мега төслүүдэд тусгай олон жилийн тогтвортой үнэ тогтоож гэрээ байгуулахаас аль болох татгалзаж, жижиг тархмал эх үүсвэрүүдийг дэмжиж, олон шинэ тоглогчдод боломж нээх нь илүү зохимжтой.
 
- Нар, салхи, нүүрс аль ч сонголтоос хамгийн хямд эх үүсвэрийг л бид дэмжих хэрэгтэй. Шинэ технологиудын давуу талыг элдэв стандарт, тусгай зөвшөөрөл гэж цаг алдалгүй нутагшуулах хэрэгтэй.
 
- Хэрэглэгчдэд өөрийн хэрэглээгээ хянах боломжийг олгож ухаалаг тоолууржуулалтыг хурдтай нэвтрүүлснээр түгээх салбарын урсгал зардал багасч, эрчим хүчний хэмнэлт хийх боломж хэрэглэгч нарт бодитоор бүрдэнэ.
 
Энэ мэт зарчмын саналууд дээр шийдэлд хүрэхгүй, үйлдэл хийхгүй байгаад харамсаж байна. Эрчим хүчний салбар хөгжих гадаад болон дотоодын маш таатай нөхцөл байдал бүрдсэн энэ цаг үеийг бид хэрхэвч алдаж болохгүй тул шахаж, шаардаж ажиллахаас өөр аргагүй байдалд байна.
 
Бүх зүйл муу биш, процесс дундаа явж байгааг илтгэх үйл явдлууд бас бий. Монгол улс олон улсын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагч нарын итгэлийг олж, томоохон төслүүдээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, хамтын ажиллагаанууд идэвхижиж эхэллээ. Мөн өнөөдөр Эгийн голын усан цахилгаан станцын төсөл нааштайгаар шийдэгдэх замдаа орсон сайн мэдээтэй өдөр байлаа" гэв.