m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2025.03.13 15:23
951
Аз болоход алтны үнэ өслөө

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн хүндрэл тохиолдож болзошгүй үед авч болох арга хэмжээний талаар хэлэлцэн,  богино хугацаанд экспорт нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулж буй талаар зарлалаа. АНУ, Украйн, ОХУ-д болж буй  үйл явдал, Трампын  тарифын шийдвэрүүд дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэлсэн нь манайд ч мөн мэдэгдэж, нүүрсний ханш унах, эрэлт буурах үзэгдэл ажиглагдаж байна. Энэ нь цаашлаад төсөвт тодотгол хийх эсэхт ч хүргэж болзошгүй.

Сангийн сайд Б.Жавхлан “Эхний хоёр сарын байдлаар төсвийн орлогын төлөвлөгөө нийт төлөвлөгөөний 95 хувийн гүйцэтгэлтэй, орлого хэвийн төлөвлөгдсөн бүх урсгал зардал санхүүжилтийг хэвийн олгож байна. Иймээс төсөв тодотгох нөхцөл үүсээгүй. Эхний хоёр сард 10.5 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөснөөс 11.5 сая тонн нүүрс экспортолж, нүүрсний экспортын биет хэмжээ өссөн. Зэсийн баяжмал 254 мянган тонн экспортлох төлөвлөгөөтэй байсан бол  281 мянган тонн зэс экспортолжээ.

Алтны хувьд нэн тааламжтай үе болж байна.  Төсөвт алтыг 1850 ам.доллараар төлөвлөж байсан бол одоо 2900 ам.долларын ханштай байна. Удахгүй 3000 ам.доллар хүрэх нь. Энэ бол боломжит цонх хугацаа. Монголбанк энэ үеийг ашиглан 300 кг алт экспортлохоор төлөвлөж байснаас 1.8 тонн алт экспортолжээ. Алт дээр гэхэд маш их нөөц боломж байгаа. Энэ болд 18 тонн алт Төвбанк нөөцдөө авахаар төлөвлөсөн. Өмнөх жилүүдэд хамгийн ихдээ 22 тонн алт нөөцөлж байсан. Алтны үнэ таатай байгаа цаг үед 20 тонн алт нөөцлөөд, төлөвлөгөө 2 тонноор нэмэхэд л 700 гаруй сая ам.долларын нөөц бололцоо байгаа. Иймээс цаашид экспортыг нэмэх, импортыг эрэмбэлж, хязгаарлах зэрэг бүхий л бололцоог дайчилна” гэлээ.

Бид Энэ онд нийт 83.3 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Нэг тонн тутмыг нь 105 ам.доллараар тооцож, төсвөө баталсан. Гэтэл үнэ 70 ам.доллараар хэмжигдэж байгаа цагт төсвийн орлого тасалдах бодит эрсдэл тулгарч буй.

Тэгвэл нөгөө талд төсөвтөө 1830 ам.доллараар тооцсон нэг унц алт   өнөөдрийн байдлаар 2945 ам.долларт хүрч өсчээ. Энэхүү өсөлт хэдий хүртэл үргэлжилж, салхи хаашаа эргэх вэ?

2025 гуравдугаар сарын 13-ний байдлаар нэг унц буюу 28.3 гр алт 2945 долларын үнэтэй байна. Алтны үнэ өссөн дээд амжилт 2025 оны хоёрдугаар сарын 24-нд 2956 долларт хүрсэн бол 1999 оны наймдугаар сард 252 доллар болж түүхэн доод түвшинд буюу шалдаа бууж байжээ.

Long Forex-ийн шинжээчдийн хэлж буйгаар, 2025 онд алтны үнэ өссөөр 3150 долларт хүрнэ хэмээн үзэж байна. Оны эцэс гэхэд алтны үнэ 3150-3356 доллар дээр тогтож магадгүй. 2026 онд үнэ ихээхэн савлана хэмээн хүлээлттэй байна. Gov Capital фирм тооцоолсноор, 2026 онд алтны үнэ 4907 долларт хүрч магадгүй гэжээ.

Энэхүү үнэт металлын үнэ цэнд геополитикийн бодлого, төв банкуудын мөнгөний бодлогын өөрчлөлт нөлөөлсөөр байна. 2030 он гэхэд алт нь хамгийн чухал активийн байр сууриа бэхжүүлж, нэг унц алт 5085 долларт хүрнэ хэмээн таамаглаж байна. 

Нүүрсний экспортын орлогоор төсвөө бүрдүүлдэг манай улсын хувьд нүүрсний үнэ унасан ч аз болоход алтны үнэ өсч, "шархаа" нөхөх нь. Гол нь эдийн засгаа солонгоруулахгүйгээр хэдий болтол азанд найдаж, уул уурхайн түүхий эдээ шүтэх вэ?