Өчигдөр /2025.03.12/ болсон Засгийн газрын хуралдаанаар 14 мега төсөлд дэмжлэг үзүүлж ажиллах тусгай үүрэгт элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцсэн.
Тодруулбал, үе үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан буюу Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Ж.Эрдэнэбат, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх нарын долоон хүнийг тус ажилд томилохоор ярилцаж буй. Тэд хэрэв уг саналыг хүлээн авбал тусгай үүргийн элчин сайдын хувиар Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслүүдийн хэрэгжүүлэхэд үүрэг гүйцэтгэж ажиллах бөгөөд гадаад улс орноос санхүүжилт татах, гэрээ хэлцлийг олон улсад амжилттай болгох тал дээр түлхэц болж ажиллана гэсэн үг.
Мөн эдгээр тусгай үүрэгт элчин сайд нар нь гадаад улс оронд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд нартай ижил эрх ямба эдлэхгүй бөгөөд байнгын ажлын байр биш тул ажлын алба, яам гэх мэт зүйл байхгүй, цалин хөлс авахгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн сайн дурын үндсэн дээр улс эх орныхоо хөгжлийн төлөө Засгийн газартай хамтарч ажиллах юм.
Сануулахад, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анх 1992 онд байгуулагдаж байсан бөгөөд төрийн гурван өндөрлөгөөс бүрддэг.
Зөвлөлийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч, гишүүд нь Монгол Улсын Их Хурлын Дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар байна. Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага билээ.